Tuesday, June 19, 2012

ТӨГСГӨЛ ОЙРХОН БИШ, ЭНД ОДОО ИРЧИХЭЭД БАЙНА…

Энэ дэлхий дээр манай Монголоос өөр санаа амар, цайчихсан газар даанч нэг алга. Цаана чинь дэлхий сүйд болж байна. Манайд бол тэр дэлхий мэлхий бол яршиг л байна. Манай МАН 30 жилийг, АН нь 20 жилийн алсыг “харж байгаа” юм чинь. Үнэндээ бол тэнэгээ үүнээс илүү гайхуулж болмооргүй. Дэлхий даяараа “өнөө маргаашаа мэдэхгүй” байхад манай аваргууд 20-30 жилийн цаадахыг “харчихдаг” юм бол Сү.Батболд, Н.Алтанхуяг хоёрыг “учраа олохгүй” байгаа Европ парламент, Дэлхийн банкны бүгдэнгийнх нь даргаар нэгмөсөн сонгочихмоор юм. Дээрээс нь Ц.Элбэгдоржийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгочихвол бүр ч янзтай. Одоо дэлхий дээр юу болж байгааг өгүүлсү.
Зарим санхүүчид дэлхийн санхүүгийн шинэ хямрал эхлэхэд хоёр хоног үлдээд байгааг мэдээлж байна. Зах зээлийн домог, Hunt Brothers-ын зөвлөх асан, “алтан цох” хочит Жим Синглер өөрийн jsmineset.com сайтдаа дэлхийн эдийн засгийн сүйрлийг зөгнөн бичжээ. Тэрээр “Төгсгөл ойрхон биш, энд одоо ирчихээд байна” гэж гуниглан тэмдэглэжээ. Иймээс алт, мөнгөний үнэ “тэнгэрт хадах” цаг ирлээ гэж Синглер прогноз хийж байна. Бидний “сайн мэдэх” нэрт санхүүч Жорж Соросын хийсэн “асуудлыг шийдвэрлэхийн тулд еврод ердөө л гурван сар үлдээд байна” гэсэн прогнозыг тэрээр шоолжээ. Синглер “хэрэв еврод ядахдаа гурван долоо хоног үлдсэн бол их аз тохиосон хэрэг” гэж үзэж байна. Энэ үгийг MixedNews портал дамжуулж байна. Дашрамд дурдахад алт дэлхийн зах зээл дээр унци нь 300 доллар байсан 1980-аад оны сүүлээр Синглер алтны үнэ 1650 доллар хүртэл өснө гэж урьдчилан тааж байжээ. Одоо санхүүгийн энэ “их багшийн” энэ прогноз бүрэн биелж магадгүй юм.
Европ, АНУ, Хятад их ачаалалтай байна…

Синглерийн бодлоор дэлхийн хямралын “үл буцах цэг” нь хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 17-нд болох аж. Энэ өдөр Грекийн парламентын сонгууль болох бөгөөд энд еврогийн хувь заяа шийдвэрлэгдэх аж. Гунигт прогнозыг ганц Синглер хийгээд байгаа юм биш.
Bloomberg-ийн мэдээлснээр энэ орны банкны хүрээний хоёр эх булаг энэхүү 17-оос өмнө Грек евробүсээс гарахаас болгоомжлон орон нутгийн банкнууд дахь данснаас мөнгө идэвхитэй татаж байгаа юм байна. Нэг банкирын хэлснээр данснаас мөнгө татах явдал энэ хоёр дахь өдөр дээд хязгаартаа хүрч, өдөрт 500 сая евро боллоо гэжээ. Өөр нэг сурвалж 700 сая евро гэсэн тоо хэлсэн байна. Ер нь бол 2009 оны арван сараас одоо болтол грекээс 72 миллиард евро гадагшилсан байна.
СИРИЗ бүлгийн лидер Алексис Ципрас сонгуульд ялсан тохиолдолд шууд бүх гэрээг цуцлана гэжээ. Энэ нь Европын Холбооны хямралыг өдөөж, улмаар дэлхийн санхүүгийн бүх системийг унагах аюултай юм байна.
“Зөрчил евро бүсийн задралыг бодит боломж болгов. Хэрэв асуудал энэндээ тулбал даяар хямрал болно” гэж The Global Macro Investor сонинд GLG хедж-фондын тэргүүн асан Раул Пэл мэдэгджээ.
Тэрээр: “…Санхүүгийн байгууллагууд европын хямралд бэлэн биш байна. Еврогийн задрал нь нэгэн зэрэг АНУ болон Хятад дахь эдийн засгийн уналттай давхцаж байгаа нь хятадын аж үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн талаарх америкийн өгөгдөхүүн сул байгааг гэрчилж байна” гэж нэмж хэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Раул Пэл европын орнуудад бие даасан цуврал дефолт болж, “бүхий л түүхийн турш дахь банкны томоохон хямрал” болно, үүнийг зогсоох боломж бага гэж үзжээ.
Түүнийхээр бол улсын өр өөрөө бол асуудал биш гэнэ. Жинхэнэ асуудал бол G 10-ын 70 триллионы өр 700 триллион дериватын (зах зээлийн үүсгэмэл үнэт цаас) барьцаанд байгаа явдал аж. Энэ өр дэлхийн ДНБ-ий 1200 % -тай тэнцэх ба “нэн сул суурь” юм байна.
Энэ нь банкны систем болон баталгаагүй цаасан мөнгөний төгсгөл-”хэт ачаалал” болно гэж Пэл баталжээ.
Банкны даяар сүйрэл болбол энэ дэлхий хэзээ ч үзэж байгаагүй эдийн засгийн доргилт болж, санхүү, худалдаа, тээвэр, хөдөө аж ахуй, лизинг, облигац гээд юу ч байхгүй болно гэнэ ээ. Харин доллар, алт л үлдэнэ. Барууны зах зээлд худалдаа хийх, ирээдүйд өөрийгөө хамгаалах мөнгө хийхэд зургаан сар үлдээд байна. Харин үүний дараа бол “төмөр дуулга өмсөөд шинэ систем бий болтол нуугдах хэрэг гарна” гэж энэ эксперт дүгнэлтээ төгсгөжээ.
Хэн амжихгүй бол тэр хожигдоно
Swiss America худалдааны копорацийн төлөөлөгч үнэт металлын эксперт Крейг Смит 40 мянган хэрэглэгчидтэйгээ холбогдож 2008 оны америкийн хөрөнгө оруулалтын банк Lehman Brothersынхтай төстэй сүйрэл санхүүгийн системд болох гэж байгааг урьдчилан сануулжээ.
Дэлхийн банкны тэргүүн Роберт Зеллик “ертөнц 2008 оны үймээнд буцан орохын босгон дээр” байгааг энэ сарын эхээр сануулсан юм.
Европчууд одоо мөнгөө “аюулын сэжигтэй” банкнуудаас татаж, америкийн улсын облигаци, канадын засгийн газрын облигаци болон “биткоин” нэрийн аваад байгаа “нөөц” виртуал валютад шилжүүлж байна. Биткоин нь 2009 онд алгоритмийг нь сүлжээгээр зохицуулж байдаг интернет валют болно. Энэ ч гэсэн нэг их найдвартай эд биш гэнэ.
Ердөө 7 хоногийн өмнө олон улсын олон экспертүүдээс дэлхийн валютуудад “сурагч үнэлгээ” өгүүлэхэд юань онц, доллар сайн, евро муу үнэлгээ авсан нь эрхбиш нэгийг өгүүлнэ.
Одоо хамаг юм Германаас хамаарах юм шиг байна. Хэрэв Герман хөнжлөө өөр рүүгээ татлаа л бол сүйрэл бол гарцаагүй юм байна лээ…
Энэ манайд нэг их “аюултай биш” байх, яагаад гэвэл Монгол Улс нэг нь 20 жил, нөгөө нь 30 жилийн “цаадахыг” хардаг хоёр мундаг намтай. Тэд нар нь “мэдэж” байгаа байлгүй…

Д.Ганхуяг

No comments:

Post a Comment