Wednesday, June 20, 2012

Одоо цаг нь болсон

“Одоо цаг нь болсон”  
Өчигдөр 13 цаг 52 минут Уянгааг танихгүй хүн энэ Монголд байхгүй л дээ. Намтар энэ тэр гээд ч яахав. Сэтгүүлч Уянга гэж жаахан шар охин байхын л мандаж байсан. Сү нь ч бил үү, Су нь билүү Батболд нь л Батболд юмдаг. Ингэж ярьсан гэнэ.

Нэг жижигхэн охин “Ийгл”-ийн сэтгүүлч байна аа, таныг ярилцлагад урьж байна гэхээр нь “За, тэгье” л гэж. Явж очоод ярилцлагад ороод ёстой алуулангаа алдаад гарчээ. Тэгээд хөлсөө арчиж завдалгүй ордонд давхиж ирээд “Ийм нэг жижигхэн хүүхэнтэй ярилцлагад ороод алуулангаа алдлаа” гэхэд нь хашир гишүүд “Чи ч улстөрч болоогүй л байна даа, бид цаадахтай чинь ярилцахаас зугтдаг байхгүй юу, хамгийн хэцүүтэй нь таарчихаж дээ” гэж шоолсон гэдэг.

Манай Уянга Аянга шиг бүсгүй, Д.Бямбасүрэн Ерөнхий сайд их онож хэлсэн байна билээ. Манай улстөрчид хуйгаараа налигнаж байсан тэр Р.Фрийдланд гэгчтэй “25” телевиз дээр тачигнатал үзэлцээд гарсан юм билээ. Аягүй бол англиар нь хэрэлдээ л дээ. Өнөөх нь сандарч тэвдээд, бурхан шүтдэгтээ тулсан гэж байгаа. Түүнийг нь дэргэд нь байсан Монголчуудаас сонсоод бахархсан Мийгаа /Ж.Мягмарсүрэн эрхлэгч/ “Өдрийн сонин”-доо ярилцлага авахуулж тавиулж билээ.

Хэрэв 2008 онд Г.Уянга гишүүн болсон бол энэ “Оюу толгой”-н ХОГ ингэж муухай батлагдаа ч уу, үгүй ч үү? Уянга гадны хүнээр авилгачдаа хүртэл муу хэлүүлэхгүй өмөөрсөн байгаа юм. Тийм учраас “Миний феминизм” илтгэл нь алдаршсан. Уянгаа ийм үг хэлэх эрхтэй, “Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо” энэ илтгэлийнх нь төлөө Уянгааг дэмжиж байгаа юм билээ.

Уг нь энэ дөрвөн уулын дундах жалгандаа хэдэн авилгачаа хэлэх хэлэхгүйгээр дайрч булай болгох хэрнээ нөгөөдүүлээ өмөөрөөд дэлхийн саятнууд энэ тэртэй арсалдана шүү дээ. “Оюу толгойн ХОГ”-ийг арай дөнгүүр болгох гэж байгаа энэ үед Г.Уянгааг УИХ-д оруулаад тавьчихвал ч эргүүлчихэж чадна. Хоосон магтаж байгаа юм биш. Энэ хүүхэн юу л чадав гэж хэмээн боддог хүмүүс түүний зориг, зүрх чадалд атаархах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдад шийдэх бүх эрх нь байсаар байсан  гэтэл тэд алийгаа алдсан. Гар хоосон сэтгэл зүрхнээс өөр юмгүй шахам шар хүүхэнд дийлдсэндээ. Гаднаасаа их боловсон “ахаа эгчээ” гэсэн жижигхэн шар хүүхэн харагддаг ч яс юман дээрээ. Хэрвээ парламентад орчихвол авлигчид ядахдаа айгаад салагнаад ирнэ.

Амлалт нэхсэн эхний жилээ 2009 онд Амлалт Нэхэх Ард Түмний Холбоогоо байгуулснаа зарлангуутаа, ес эхэлж байхад л ганц машинтай гарч давхиад Ховд орчихож байсан юм. Завханы Тосонгийн хавьд шөнөөр өнөө ганц машиных  нь мост эвдрээд цасан дунд нам хэвтчихсэн байсан. Америкийн “Форд Экспедишн” гэж нэг лагс тэрэг Монголын хөдөөд хог юм билээ. Тэгээд ойролцоо сумаас нь малчид “69” авч очоод чирүүлэхэд дийлэхгүй байсан гэдэг. Хэзээ хойно, сумын төв ороод, маргааш өдөр нь “Гайгүй сайн явж байна, машин эвдрээд” гэж ярьсан байгаа юм. Нөхөр нь Хуягаа санаа нь зовчихсон надад “ховлож”, би жаал загнав. “Тэр хөр цасанд дунд холбох машингүй тэгээд Алтай руу зүтгэж байдаг яасан дүүрчихсэн тэнэг зоригтой юм?” гэж. Мөнгө багатай ч арай ч ингэж амиараа тоглож болохгүй гэж мөн ч олон хэлсэн дээ. Гэхдээ шударгаар олсон мөнгө бага байдаг нийгэм дээ, манай нийгэм. Сумаас хол суусан бол хөлдөж үхэх байсан. Мостгүй машинтайгаа явсаар байгаад ирсэн байна билээ, хөдөө ямар тийм нарийн нандин тэрэгний сэлбэг байх биш. 92 ч байдаггүй газарт. Тэгээд гар, чих хоёр нь хатуурчихсан эрх баригчдаас далан мянгыг салгаж сар шинээр хэдэн хөгшдийг баярлуулсан.

Тэр хавраа амлалт нэхэж 18 аймгаас хүмүүсээ татаж авчраад Сүхбаатарын талбайд суучихсан. Тэгэхэд л харин айдаггүйгээрээ айсан шүү. Үүр шөнөөр “Ланд 80” унасан галзуу нөхөр хар хурдаараа нэг муу дөрвөн ханатай гэрийг нь очиж мөргөөд хүний амь үрэнгээ алдсан. Азаар Уянга хар үүрээр босоод жагсаалынхаа тавцанг үзэж яваад хол байсан юм билээ. 70 мянгаа авсан хэдэн хөгшдийн ерөөл биз. Тэгэхэд тэр нэг бүдүүн хар юм “Би Уянгааг алах гэж дайрсан” гэж хээв нэг хэлээд сууж байгаа юм даа. Дараа нь мэдрэл муутай гэгдээд ялгүй мултарсан. Цахиур Төмөр “Хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ” гэдэг шиг хэдэн төгрөгнөөс муу охиныг минь алчихаа шахсан.

Сагсчин Шаравжамц билүү, нөгөө “Хөгширсөн хойноо нутагтаа ирж ясаа тавина аа” гэхэд “Монгол ямар оршуулгын газар юм уу, залуудаа ир” гэж уурладаг нэлээд үндэсний үзэлтэй нөхөр... Тэр л Америк энэ тэрийг нэвт мэддэгээрээ “Уянгаад алтаар хөшөө босгосон ч багадна, энэ улсыг худалдагдахаас нэг аварлаа” гэж ярьж явсан гэсэн. Дараа нь хэрэг болгож уулзаж танилцсан байна билээ. Энэ халдлагын цаана их л нарийн юм байсан гэж боддог. Тэгж зүтгэж байж дахин нэг 50 мянгын бараа харуулсан.

Хойтон нь ахиж 18 аймгийнхныг цуглуулаад амлалт өгүүлэх гээд дийлэхгүй янзтай болмогцоо долоон эртэй цусан тангараг тавиад өлсгөлөнд яваад орчихсон. 13 хоног нойтон өлсгөлөн зарчихаад УИХ хөдлөж өгөхгүй болохоор нь хуурай болгоно гэж зүтгээд үнхэлцэг хагалчихаа шахсан шүү дээ. Өлсгөлөн зарласан хүмүүсийг нийслэлийн цагдаа тэр чигээрээ хөдөлж нэг шөнө дайрч ачаад хотын хэдэн дүүргийн эмнэлгүүдэд тараагаад хэвтүүлчихсэн. Тэгэхэд эмч нар орж ирээд л “Танай өөр дүүрэгт хэвтсэн хүн чинь эмчилгээнд орчихлоо, одоо та ор” гэж ятгаад л байсан. Тэгэхэд Уянга эрчүүд рүүгээ утсаар яриад л “Нэг нь ч эмчилгээнд орохгүй шүү, шаардлагаа заавал биелүүлж байж сална” гэж байсан. Баянзүрхийн Эрүүл мэндийн 6 дугаар төвд хуурай өлсгөлөнд орно гээд хэвтэж байхад нь хажуугийн өрөөнд нь хуурга шажигнатал хуурч сэтгэл санаагаар унагах гэж үзсэн. 13 хоног өлссөн Г.Уянга байтугай өдөр хооллосон миний ходоодны шүлс асгарч байгаа юм чинь. Тэгэхэд Г.Уянга утсаа шүүрч аваад С.Ламбаа сайд руу залгаад “Яаж байгаа юм” гээд хангинаж гарсан. Манай С.Ламбаа зөөлөн хүн, аль намын л Г.Уянгыг мэддэг тул дор нь болиулж байсан.

Тэгэхэд хөдөлгөөнүүдтэй хэлэлцээрт орсон комиссын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга нар үнэхээр биширч байсан даа. Өлсгөлөнгөө зогсоохгүй ахиад хоёр хоног тэр хүнд хэлэлцээрт буулт хийхгүй яс суучихаж байгаа юм. Ядарч туйлдсан Уянга байтугай гишүүд хэлэлцээрт ороод ядарч байсан үе. Тэгээд нүүр тулсан комиссын гишүүд “Шаардлагыг нь яаж ч байсан хүлээж авъя” гэж билээ. Тэгээд жилийн дотор өгье, эдийн засаг хямраад байна гэж учирлаж байж салсан. Шаардлагыг нь биелүүлмэгц нэгдүгээр эмнэлэгт албадан эмчилгээнд хэвтсэн хөдөөний хүмүүс рүүгээ гүйж явсаныг даанч олон хүн мэдэхгүй.

Бас өнөө гэрээ мэрээтэй холбоотой юм нөхөр нь бичсэний төлөө Лүймэдийн Гансүх гэж нэг юм заргалдаад, нялх багыгаа хөхүүлээд сууж байхад нь хоёр цагдаа баривчлана гэж гэрт дайрч орж байсан. Л.Гансүхээс цагдаад ирүүлсэн “Уянгаа төрөөд нэг сар болчихлоо, одоо баривчил” гэсэн бичгийн дагуу тушаал гүйцэтгэж явсныг Уянга хожим мэдсэн гэж ярьж байсан.  Уянгаа бид хоёр бичсэн зүйлийнхээ төлөө цагдаад бишгүй олон дуудагдсан, баригдсан, байцаагдсан. Би найман удаа Уянгаа бол надаас олон байцаагдсан. Намайг батлан даалтанд Уянгаа авна. Уянгааг батлан даалтанд би авна. Би аймхай. Уянгаа зоригтой. Зоригтой нь ялдаг л юм билээ.

Г.Уянга яс үзсээр байгаад хэргээ цагаатгаж, одоо нэр дэвшээд явж байна. Би хүртэл өмөөрч бичээд хам хэрэгт шаагдаж байсан юм. Ингэж зүтгэж байж энэ ард түмэнд хэдэн цаас олж өгсөн дөө, муу шар дүү минь. Олон хүнд нэмэр болж байгаа л байх, Харин энэ сонгуулиар аймгуудын амлалт нэхэгсэд ирж Уянгааг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна.

Уянгаа энэ төрд шургалсан олигархуудтай 12 жил улаан гараараа үзэлцэж байна. Нөгөө айхтар 7 сарын 1-ний үйл явдлын үеэр ганцаараа МАХН-ын байр жагсагчдын хооронд зогсоод 40 минут барьж байсан. Тэгэхэд бусад нь орхиод явчихсан шүү. Хэдэн хүн чанга яригчтай машиныг нь түлхэж унагах гэж байхад нь цагдаагийнхан арай гэж гаргаж авсан. Яг л ингэж юмны эцэст ганцаараа үлдэж балрах гээд байдаг юм. Орой нь “25 дугаар суваг” телевизээр үймсэн олныг тарахыг уриалахад Сэлэнгээс нэг авгай утасдаж “Чи тэр намын байрны өмнө чулуунд оногдож үхэхгүй яасан юм” гэж харааж байсан. Хүнийг ингэж голд нь ортол гомдоож болохгүй л байгаа юм. Манай Уянга зовлон үзсэнийхээ хэрээр хат суусан. Чи Уянгааг магтлаа гээд АН-ынхан ч намайг зэмлэнэ. Ардын намынхан ч хялалзана. Би хүн магтаж хүнийг хүнд ойлгуулж даан ч чадахгүй юм. Уянгаагаа бол хэнээс ч айхгүй магтана. Уянгаад олон дайсан бий. Бас сэтгүүлчийн асар их авъяас бий. Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил. Түүнийг эзэмшсэн эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүн ховор. Харин Уянгаа жинхэнэ сэтгүүл ч болхоо ч жинхэнэ тэмцэгч болхоо ч харуулж биш шалгуулж чадсан.

Яасан ч дуусдаггүй тэвчээр, ухаан, эрч хүч гэж ийм байдаг юм. 12 жил “гудамжинд” тэмцсэн энэ хүн ядаж нийгмийн даатгал ч үгүй яваа гэхээр л гунигтай. “Тэгээд одоо насны бөгсөнд тэтгэвэр ч үгүй хүн чи яах болж байна? ингэлээ гээд хожим чамд ач санах хүн олон болов уу?” гэхээр тоохгүй юм.

Монголын парламентад намын дуу хоолой болж чадахгүй гэхэд хэдэн сэтгүүлчдийн дуу хоолой болж чадна. Энэ парламентийг уг нь гайгүй ядаж хулгай хийдэггүй хүмүүсээр бүрдүүлье гэж иргэд ч сэтгүүлчид ч их чармайлаа. Нэр дэвшсэн байдлыг харвал өнгөрчээ. өнгөрч. Хаа сайгүй нөгөө хулгайчууд чинь нэр дэвшчихсэн гөрж явна. Ховдод, Сонгино хайрхан дүүрэгт улсын тэргүүний хулгйч дэвшчихсэн гялалзаж явна. Уянгаагийн дэвшсэн Чингэлтэй дүүрэгт бүүр бүлэг хулгайч нэр дэвшчихсэн байх юм. Би нийслэлийн хуралд нэр дэвшсэн Д.Бат-Эрдэнэ, УИХ-д нэр дэвшсэн Д.Очирбат хоёрыг бүлэг хулгайч гэж хэлж байгаа юм. Тэр хоёр хулгайч гэлээ гээд заргалдвал заргалдаг. Ардчилсан орон сайхан ч юмуу даа. Төсвийн хулгайч нар нь хүртэл ахин дахин гишүүн болоод л. Хулгайчууд тэртээ тэргүй парламентад ороод ирнэ. Энэ үед хэн хэрэг болох вэ. Уянгаа. Одоо цаг нь болсон, та минь. Өмнөх шигээ андуурч л балрах вий. Уянгаагаа сонгоод ухаантнуудтай, хулгайчуудтай зэрэгцүүлээд суулгачих юмсан..

Гантөмөрийн Уянга гэсэн нэрний өмнөхийг л будаад өгөөч.
                                                                                                                        
                                                                                                                       Нийтлэлч Г.Дашрэнцэн

1 comment:

  1. Уянгаа эгчийг дэмжиж байгаа шүү.

    ReplyDelete