Wednesday, June 20, 2012

Одоо цаг нь болсон

“Одоо цаг нь болсон”  
Өчигдөр 13 цаг 52 минут Уянгааг танихгүй хүн энэ Монголд байхгүй л дээ. Намтар энэ тэр гээд ч яахав. Сэтгүүлч Уянга гэж жаахан шар охин байхын л мандаж байсан. Сү нь ч бил үү, Су нь билүү Батболд нь л Батболд юмдаг. Ингэж ярьсан гэнэ.

Нэг жижигхэн охин “Ийгл”-ийн сэтгүүлч байна аа, таныг ярилцлагад урьж байна гэхээр нь “За, тэгье” л гэж. Явж очоод ярилцлагад ороод ёстой алуулангаа алдаад гарчээ. Тэгээд хөлсөө арчиж завдалгүй ордонд давхиж ирээд “Ийм нэг жижигхэн хүүхэнтэй ярилцлагад ороод алуулангаа алдлаа” гэхэд нь хашир гишүүд “Чи ч улстөрч болоогүй л байна даа, бид цаадахтай чинь ярилцахаас зугтдаг байхгүй юу, хамгийн хэцүүтэй нь таарчихаж дээ” гэж шоолсон гэдэг.

Манай Уянга Аянга шиг бүсгүй, Д.Бямбасүрэн Ерөнхий сайд их онож хэлсэн байна билээ. Манай улстөрчид хуйгаараа налигнаж байсан тэр Р.Фрийдланд гэгчтэй “25” телевиз дээр тачигнатал үзэлцээд гарсан юм билээ. Аягүй бол англиар нь хэрэлдээ л дээ. Өнөөх нь сандарч тэвдээд, бурхан шүтдэгтээ тулсан гэж байгаа. Түүнийг нь дэргэд нь байсан Монголчуудаас сонсоод бахархсан Мийгаа /Ж.Мягмарсүрэн эрхлэгч/ “Өдрийн сонин”-доо ярилцлага авахуулж тавиулж билээ.

Хэрэв 2008 онд Г.Уянга гишүүн болсон бол энэ “Оюу толгой”-н ХОГ ингэж муухай батлагдаа ч уу, үгүй ч үү? Уянга гадны хүнээр авилгачдаа хүртэл муу хэлүүлэхгүй өмөөрсөн байгаа юм. Тийм учраас “Миний феминизм” илтгэл нь алдаршсан. Уянгаа ийм үг хэлэх эрхтэй, “Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо” энэ илтгэлийнх нь төлөө Уянгааг дэмжиж байгаа юм билээ.

Уг нь энэ дөрвөн уулын дундах жалгандаа хэдэн авилгачаа хэлэх хэлэхгүйгээр дайрч булай болгох хэрнээ нөгөөдүүлээ өмөөрөөд дэлхийн саятнууд энэ тэртэй арсалдана шүү дээ. “Оюу толгойн ХОГ”-ийг арай дөнгүүр болгох гэж байгаа энэ үед Г.Уянгааг УИХ-д оруулаад тавьчихвал ч эргүүлчихэж чадна. Хоосон магтаж байгаа юм биш. Энэ хүүхэн юу л чадав гэж хэмээн боддог хүмүүс түүний зориг, зүрх чадалд атаархах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдад шийдэх бүх эрх нь байсаар байсан  гэтэл тэд алийгаа алдсан. Гар хоосон сэтгэл зүрхнээс өөр юмгүй шахам шар хүүхэнд дийлдсэндээ. Гаднаасаа их боловсон “ахаа эгчээ” гэсэн жижигхэн шар хүүхэн харагддаг ч яс юман дээрээ. Хэрвээ парламентад орчихвол авлигчид ядахдаа айгаад салагнаад ирнэ.

Амлалт нэхсэн эхний жилээ 2009 онд Амлалт Нэхэх Ард Түмний Холбоогоо байгуулснаа зарлангуутаа, ес эхэлж байхад л ганц машинтай гарч давхиад Ховд орчихож байсан юм. Завханы Тосонгийн хавьд шөнөөр өнөө ганц машиных  нь мост эвдрээд цасан дунд нам хэвтчихсэн байсан. Америкийн “Форд Экспедишн” гэж нэг лагс тэрэг Монголын хөдөөд хог юм билээ. Тэгээд ойролцоо сумаас нь малчид “69” авч очоод чирүүлэхэд дийлэхгүй байсан гэдэг. Хэзээ хойно, сумын төв ороод, маргааш өдөр нь “Гайгүй сайн явж байна, машин эвдрээд” гэж ярьсан байгаа юм. Нөхөр нь Хуягаа санаа нь зовчихсон надад “ховлож”, би жаал загнав. “Тэр хөр цасанд дунд холбох машингүй тэгээд Алтай руу зүтгэж байдаг яасан дүүрчихсэн тэнэг зоригтой юм?” гэж. Мөнгө багатай ч арай ч ингэж амиараа тоглож болохгүй гэж мөн ч олон хэлсэн дээ. Гэхдээ шударгаар олсон мөнгө бага байдаг нийгэм дээ, манай нийгэм. Сумаас хол суусан бол хөлдөж үхэх байсан. Мостгүй машинтайгаа явсаар байгаад ирсэн байна билээ, хөдөө ямар тийм нарийн нандин тэрэгний сэлбэг байх биш. 92 ч байдаггүй газарт. Тэгээд гар, чих хоёр нь хатуурчихсан эрх баригчдаас далан мянгыг салгаж сар шинээр хэдэн хөгшдийг баярлуулсан.

Тэр хавраа амлалт нэхэж 18 аймгаас хүмүүсээ татаж авчраад Сүхбаатарын талбайд суучихсан. Тэгэхэд л харин айдаггүйгээрээ айсан шүү. Үүр шөнөөр “Ланд 80” унасан галзуу нөхөр хар хурдаараа нэг муу дөрвөн ханатай гэрийг нь очиж мөргөөд хүний амь үрэнгээ алдсан. Азаар Уянга хар үүрээр босоод жагсаалынхаа тавцанг үзэж яваад хол байсан юм билээ. 70 мянгаа авсан хэдэн хөгшдийн ерөөл биз. Тэгэхэд тэр нэг бүдүүн хар юм “Би Уянгааг алах гэж дайрсан” гэж хээв нэг хэлээд сууж байгаа юм даа. Дараа нь мэдрэл муутай гэгдээд ялгүй мултарсан. Цахиур Төмөр “Хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ” гэдэг шиг хэдэн төгрөгнөөс муу охиныг минь алчихаа шахсан.

Сагсчин Шаравжамц билүү, нөгөө “Хөгширсөн хойноо нутагтаа ирж ясаа тавина аа” гэхэд “Монгол ямар оршуулгын газар юм уу, залуудаа ир” гэж уурладаг нэлээд үндэсний үзэлтэй нөхөр... Тэр л Америк энэ тэрийг нэвт мэддэгээрээ “Уянгаад алтаар хөшөө босгосон ч багадна, энэ улсыг худалдагдахаас нэг аварлаа” гэж ярьж явсан гэсэн. Дараа нь хэрэг болгож уулзаж танилцсан байна билээ. Энэ халдлагын цаана их л нарийн юм байсан гэж боддог. Тэгж зүтгэж байж дахин нэг 50 мянгын бараа харуулсан.

Хойтон нь ахиж 18 аймгийнхныг цуглуулаад амлалт өгүүлэх гээд дийлэхгүй янзтай болмогцоо долоон эртэй цусан тангараг тавиад өлсгөлөнд яваад орчихсон. 13 хоног нойтон өлсгөлөн зарчихаад УИХ хөдлөж өгөхгүй болохоор нь хуурай болгоно гэж зүтгээд үнхэлцэг хагалчихаа шахсан шүү дээ. Өлсгөлөн зарласан хүмүүсийг нийслэлийн цагдаа тэр чигээрээ хөдөлж нэг шөнө дайрч ачаад хотын хэдэн дүүргийн эмнэлгүүдэд тараагаад хэвтүүлчихсэн. Тэгэхэд эмч нар орж ирээд л “Танай өөр дүүрэгт хэвтсэн хүн чинь эмчилгээнд орчихлоо, одоо та ор” гэж ятгаад л байсан. Тэгэхэд Уянга эрчүүд рүүгээ утсаар яриад л “Нэг нь ч эмчилгээнд орохгүй шүү, шаардлагаа заавал биелүүлж байж сална” гэж байсан. Баянзүрхийн Эрүүл мэндийн 6 дугаар төвд хуурай өлсгөлөнд орно гээд хэвтэж байхад нь хажуугийн өрөөнд нь хуурга шажигнатал хуурч сэтгэл санаагаар унагах гэж үзсэн. 13 хоног өлссөн Г.Уянга байтугай өдөр хооллосон миний ходоодны шүлс асгарч байгаа юм чинь. Тэгэхэд Г.Уянга утсаа шүүрч аваад С.Ламбаа сайд руу залгаад “Яаж байгаа юм” гээд хангинаж гарсан. Манай С.Ламбаа зөөлөн хүн, аль намын л Г.Уянгыг мэддэг тул дор нь болиулж байсан.

Тэгэхэд хөдөлгөөнүүдтэй хэлэлцээрт орсон комиссын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга нар үнэхээр биширч байсан даа. Өлсгөлөнгөө зогсоохгүй ахиад хоёр хоног тэр хүнд хэлэлцээрт буулт хийхгүй яс суучихаж байгаа юм. Ядарч туйлдсан Уянга байтугай гишүүд хэлэлцээрт ороод ядарч байсан үе. Тэгээд нүүр тулсан комиссын гишүүд “Шаардлагыг нь яаж ч байсан хүлээж авъя” гэж билээ. Тэгээд жилийн дотор өгье, эдийн засаг хямраад байна гэж учирлаж байж салсан. Шаардлагыг нь биелүүлмэгц нэгдүгээр эмнэлэгт албадан эмчилгээнд хэвтсэн хөдөөний хүмүүс рүүгээ гүйж явсаныг даанч олон хүн мэдэхгүй.

Бас өнөө гэрээ мэрээтэй холбоотой юм нөхөр нь бичсэний төлөө Лүймэдийн Гансүх гэж нэг юм заргалдаад, нялх багыгаа хөхүүлээд сууж байхад нь хоёр цагдаа баривчлана гэж гэрт дайрч орж байсан. Л.Гансүхээс цагдаад ирүүлсэн “Уянгаа төрөөд нэг сар болчихлоо, одоо баривчил” гэсэн бичгийн дагуу тушаал гүйцэтгэж явсныг Уянга хожим мэдсэн гэж ярьж байсан.  Уянгаа бид хоёр бичсэн зүйлийнхээ төлөө цагдаад бишгүй олон дуудагдсан, баригдсан, байцаагдсан. Би найман удаа Уянгаа бол надаас олон байцаагдсан. Намайг батлан даалтанд Уянгаа авна. Уянгааг батлан даалтанд би авна. Би аймхай. Уянгаа зоригтой. Зоригтой нь ялдаг л юм билээ.

Г.Уянга яс үзсээр байгаад хэргээ цагаатгаж, одоо нэр дэвшээд явж байна. Би хүртэл өмөөрч бичээд хам хэрэгт шаагдаж байсан юм. Ингэж зүтгэж байж энэ ард түмэнд хэдэн цаас олж өгсөн дөө, муу шар дүү минь. Олон хүнд нэмэр болж байгаа л байх, Харин энэ сонгуулиар аймгуудын амлалт нэхэгсэд ирж Уянгааг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна.

Уянгаа энэ төрд шургалсан олигархуудтай 12 жил улаан гараараа үзэлцэж байна. Нөгөө айхтар 7 сарын 1-ний үйл явдлын үеэр ганцаараа МАХН-ын байр жагсагчдын хооронд зогсоод 40 минут барьж байсан. Тэгэхэд бусад нь орхиод явчихсан шүү. Хэдэн хүн чанга яригчтай машиныг нь түлхэж унагах гэж байхад нь цагдаагийнхан арай гэж гаргаж авсан. Яг л ингэж юмны эцэст ганцаараа үлдэж балрах гээд байдаг юм. Орой нь “25 дугаар суваг” телевизээр үймсэн олныг тарахыг уриалахад Сэлэнгээс нэг авгай утасдаж “Чи тэр намын байрны өмнө чулуунд оногдож үхэхгүй яасан юм” гэж харааж байсан. Хүнийг ингэж голд нь ортол гомдоож болохгүй л байгаа юм. Манай Уянга зовлон үзсэнийхээ хэрээр хат суусан. Чи Уянгааг магтлаа гээд АН-ынхан ч намайг зэмлэнэ. Ардын намынхан ч хялалзана. Би хүн магтаж хүнийг хүнд ойлгуулж даан ч чадахгүй юм. Уянгаагаа бол хэнээс ч айхгүй магтана. Уянгаад олон дайсан бий. Бас сэтгүүлчийн асар их авъяас бий. Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил. Түүнийг эзэмшсэн эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүн ховор. Харин Уянгаа жинхэнэ сэтгүүл ч болхоо ч жинхэнэ тэмцэгч болхоо ч харуулж биш шалгуулж чадсан.

Яасан ч дуусдаггүй тэвчээр, ухаан, эрч хүч гэж ийм байдаг юм. 12 жил “гудамжинд” тэмцсэн энэ хүн ядаж нийгмийн даатгал ч үгүй яваа гэхээр л гунигтай. “Тэгээд одоо насны бөгсөнд тэтгэвэр ч үгүй хүн чи яах болж байна? ингэлээ гээд хожим чамд ач санах хүн олон болов уу?” гэхээр тоохгүй юм.

Монголын парламентад намын дуу хоолой болж чадахгүй гэхэд хэдэн сэтгүүлчдийн дуу хоолой болж чадна. Энэ парламентийг уг нь гайгүй ядаж хулгай хийдэггүй хүмүүсээр бүрдүүлье гэж иргэд ч сэтгүүлчид ч их чармайлаа. Нэр дэвшсэн байдлыг харвал өнгөрчээ. өнгөрч. Хаа сайгүй нөгөө хулгайчууд чинь нэр дэвшчихсэн гөрж явна. Ховдод, Сонгино хайрхан дүүрэгт улсын тэргүүний хулгйч дэвшчихсэн гялалзаж явна. Уянгаагийн дэвшсэн Чингэлтэй дүүрэгт бүүр бүлэг хулгайч нэр дэвшчихсэн байх юм. Би нийслэлийн хуралд нэр дэвшсэн Д.Бат-Эрдэнэ, УИХ-д нэр дэвшсэн Д.Очирбат хоёрыг бүлэг хулгайч гэж хэлж байгаа юм. Тэр хоёр хулгайч гэлээ гээд заргалдвал заргалдаг. Ардчилсан орон сайхан ч юмуу даа. Төсвийн хулгайч нар нь хүртэл ахин дахин гишүүн болоод л. Хулгайчууд тэртээ тэргүй парламентад ороод ирнэ. Энэ үед хэн хэрэг болох вэ. Уянгаа. Одоо цаг нь болсон, та минь. Өмнөх шигээ андуурч л балрах вий. Уянгаагаа сонгоод ухаантнуудтай, хулгайчуудтай зэрэгцүүлээд суулгачих юмсан..

Гантөмөрийн Уянга гэсэн нэрний өмнөхийг л будаад өгөөч.
                                                                                                                        
                                                                                                                       Нийтлэлч Г.Дашрэнцэн

Tuesday, June 19, 2012

Монгол “Синдикат”

Хуримтлал нэг буюу банк тонох нь:
Энэ нийгэмд бүхнийг мөнгөөр шийдэж болно. Хэдийгээр коммунист хүмүүжлээр манай үеийхэн мөнгийг үзэн яддаг авч бодат байдал ийм л юм. Өнгөрсөн оны эхээр зүв зүгээр байсан Монголын Төв банк эдийн засаг зохиомол хямрал өдөөсөн юм. Хямралын шалтгаан нь төв банк зах зээлд байсан нийт төгрөгийн гуравны нэгийг буюу нэг триллион шахам төгрөгийг эргүүлэн татсанд байв.

Гэхдээ энэ тоо ч бас эргэлзээтэй. Учир нь төв банкны Ерөнхийлөгч банкны депозитийг /татан төвлөрүүлсэн хадгаламж/ асар зөрүүтэй мэдээлж байв. 2009 он гарахын өмнө депозитыг 2,4 их наяд гэж байснаа нэгхэн улирлын дараа 1,2 их наяд гэж буюу хоёр дахин бууруулж зарласан юм. Бодат байдалд депозит 2,6 их наяд төгрөгөөс ч давж байсан юм. Гэтэл албан ёсны статистикаар банкны хадгаламжийн хэмжээ 1,2-оос хэтрэх ёсгүй байсан бөгөөд Төв банкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Д.Пүрэвдорж мэргэжлийн бус хүн учраас алдаа гаргаж жинхэнээсээ хэд байгааг зарлаж орхисон байжээ.

Өөрөөр хэлбэл төв банкны Ерөнхийлөгчийн алдаа гаргаж, Монголын зах зээлд нийлүүлсэн мөнгөний хэмжээ албан ёсны дүнгээс хоёр дахин их байгааг илчилж орхижээ. Үүнийг нь бүр эрт буюу арваад жилийн өмнө олон улсын санхүүгийн байгууллагууд олж тогтоосон бөгөөд албан ёсоор зарлаад байсан юм. Зүв зүгээр байсан эдийн засагт О.Чулуунбатын дараа инфляц хэтэрч 36 хувьд хүрсэн нь 1990-ээд оны эхэнд үеийн инфляцид дөхөж очсон үзүүлэлт юм. Монгол банк, Засгийн газартай хуйвалдан бодат эдийн засгийн багтаамжаас хоёр дахин давсан мөнгөний нийлүүлэлт хийснийг зохих түвшинд хүргэхийн тулд хоёр ч банкыг дампууруулав. Саяхан “Анод” банкны томхон зээлдэгчдийн жагсаалт гэгчийг гаргаж зарлажээ. Гэтэл тэнд нь дээд тал нь 3 тэрбумын зээл авсан жижгэвтэр компаниудын нэр л байна. Гэтэл 20-30 тэрбумын зээл авсан гэж байсан компаниудын нэр алга, тэдний нэрийг лав л банкны өр барагдуулах албаны “нууц” жагсаалтаас олохгүй байх. Өрийг төлөлгүй цайруулжээ. Лав л өөрт буй баримт, мэдээллийг үндэслэн тооцвол зөвхөн “Анод”-аас 200 гаруй тэрбумын зээл угаагдсан байна.

Зохиомол хямралын дараа хадгаламжийг төсвийн хөрөнгөөр баталгаажуулах бололцоо олдсон бөгөөд жилийн төсвийн орлогын 50 орчим хувиар л хадгаламжийг даатгаж орхисон билээ. Яг энэ үеэр ил болсон бас нэгэн статистик нь нийт хадгаламжийн 98 шахам хувийг хадгаламж эзэмшигчдийн 3 хувь эзэмшдэг ба үлдсэн 2 гаруй хувийг хадгаламж эзэмшигчдийн 97 хувь эзэмшдэг болсон байжээ. Энэ 97 хувьд 10 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай иргэд орж байлаа.

Богд, Далай лам, хамба

Монгол Үндэстэн төр улсаа сэргээн тунхагласны 99 жилийн ойд

Петр Бадмаев

1904 оны өвөл Далай лам Хүрээнд заларч иржээ. Баруун зуугаас гарахдаа Оросын цагаан хааныд очно гэж гарсан гэлцдэг байжээ. Гэвч тэр өөр “хааныд” очсон юм.

Цагаан хааны ордонд III Александр хааны загалмайлсан, Оросын хаадын угсааныханд удамшсан цусны өвчнийг тогтоогч, “Төвд” эмч гэгддэг Петр Александрович Бадмаеваар \Жамсран\ дамжин буриадууд сүрхий нөлөөтэй болоод байжээ. Буриадын Агваан лхарамба Питербург хотноо бурханы шашны сүмийг байгуулж дуусаад Лхасад очсон байна. Лхасад очоод хоёр жил болсны дараа Агваан лхарамба Далай ламын цанид хамбын нэг болсон ажээ. Оросоос ахиухан авч очсон санжайг-үсүг хэмээх хоргойд Төвдүүд их дуртай тул тэр нь хэргээ гүйцээсэн гэлцэх нь бий.

Анх Петр Бадмаев III Александр хаанд захидал бичиж, Оросын хааны нөлөөн дор Дорнод Азид нүүдэлчдийн эзэнт гүрэн байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж байжээ. Уг захидалд захидалд дурдсанаар Оросууд Транссибирийн төмөр замыг салаалж, Монголоор дайруулан Ланжоу хүртэл төмөр зам тавих ба замыг хамгаалахын тулд нутгийн иргэдээс бүрдсэн 40 түмэн морьт цэрэг бүхий арми байгуулах, энэ хүчээр Хятадаас Монгол, Төвд, Шинжааныг тусгаарлан Дорнод Азийн гүрэн байгуулах, Хотан, Яркенд, Уйгур үүнд багтах ёстой болжээ. Орос бол дорнын гүрэн болох ёстой. III Александрын үест Орос энэ бүс нутгийг ихээхэн сонирхох болсон ба Англи-Оросын Төв Азид нөлөөллийн хүрээгээ тогтоох энэ геополитикийн тоглолтыг “Big game” буюу “Их өрөг” гэж түүхэнд бичиж үлдээжээ. Англичууд Энэтхэгээс хойш алхаж, Оросууд урагш алхаж Афганистан, Төвдөд тулжээ.  

Цуда Санцо

НЭЭЛТЭЭС ҮЛ ХОЦРОХ НЬ

Нээлтээ алдав

Саяхан Европ хуурайшсан нь Ромын эзэнт улсын мөхлийн шалтаг болсныг модны насны цагирагт тулгуурлан тогтоожээ. “Модны цагирагийг судлахад Европын цаг уурын өөрчлөлт нь нийгмийн асар их нөлөөтэй, бүхэл бүтэн эзэнт гүрний мөхөлтэй холбоотой нь харагдлаа” гэжээ. Сүүлийн 2,5 мянган жилийн дотор ургаж байсан есөн мянган модны цагиргийн зургийг судалсан эрдэмтдийн урьдчилсан дүгнэлтэд ингэж өгүүлжээ. Тухайлбал, зуны сарууд нь дулаахан, чийглэг байсан зуунд цэцэглэж байсан улс гүрнүүдэд, цаг уур тогтворгүйжил улс төрийн тогтворгүй байдал зэрэг нүүрлэснийг эрдэмтэд тогтоожээ.

“Science” сэтгүүлд: «Сүүлийн 2,5 мянган жилийн цаг уурын өөрчлөлтийг судлахдаа түүхэн нөлөөллийг тодрууллаа» хэмээн Швейцарийн “Ой, цас ба хүрээлэн буй орчны судалгааны институт”-ын цаг уурын судлаач, судалгааны багийн гишүүн Ульф Бунтген өгүүлжээ.

«Археологичид Төв Европын царс моддын цагирагт үндэслэн он дарааллыг бичиж, түүхэн байгууламж ба эртний урлаг, эд хогшлийн насыг тогтоодог. Амьд болон эдлэл болсон царсны цагиргууд нь зуны чийглэг ба хуурай саруудын тухай мэдээллийг өгдөг» гэж бичжээ. Эхлээд эрдэмтэд сүүлийн хоёр мянганд цаг уур модны цагирагт хэрхэн нөлөөлснийг тогтоохоор шийджээ. Ус ба тэжээллэг бодис хангалтай байсан үед модонд хол зайтай өргөн цагираг үүсдэг бол орчин муу байхад цагирагууд ойр, наалдсан маягаар үүсдэг ажээ. Үүнийг тогтоосны дараа тэд урлагийн дурсгалд үлдсэн моддын цагирагийг судалсан байв. Энэ системээр тэд 2,5 мянган жилийн хугацааны цаг уурын тодорхойлолтыг гарган авчээ.

«Чийг хуртай, дулаахан үетэй Ромын эзэнт улс ба Дундад зууны сэргэн мандал таарч байна. Манай эриний 250-600 оны цаг уурын өөрчлөлт нь Баруун Ромын эзэнт улсын мөхөл ба нүүдэл суудлын их үетэй давхацжээ. III зуунд Европ ихээхэн хуурайших үед Баруун Ромын эзэнт улс варваруудын довтолгоонд өртөж, Галлид  үймээн гарсан байна» гэж тэд дүгнэв. «Хэрэв мод хангалттай бол он дарааллын зураглал яг гарна. Үүнд ердөө ихээхэн материал-олон цагираг хэрэгтэй” гэж доктор Бунтген тайлбарлажээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫН ТҮҮХ

Ц.Навагчамба агсны дурсгалд

Манай төрийн дуулал их сонин түүхтэй юм. Магадгүй бусад улсынх ч ийм байдаг байх. Тиймээс уншигчиддаа зориулж төрийн дууллын түүхийг өөрийн цуглуулсан, сонссон мэдсэн хэмжээнд хүргэж байна. Улам илүү нягтлах нь түүхч, хөгжим судлаач, утга зохиол шүүмжлэгчдийн ажил болов уу. Би зөвхөн сэтгүүлчийн хувиар цуглуулсан материал аман яриануудыг эвлүүллээ. Урт болчихож, гэхдээ ном уншдаг хүнд уртдахгүй ээ. Тэгээд ч зарим сэхээтнүүд нэг нэлийсэн том юм уншихсан гэдэг учраас нэг их танасангүй ээ.

Нөгөөтэйгүүр энэ өгүүллээ коммунизмын жилүүдэд “Төрийн дуулал хассан, зассан” хэргээр 27 жил цөлөгдөх ял шийтгүүлсэн Ц.Навагчамба агсны дурсгалд зориулж байна. Тэрээр асар их цуглуулгатай хэлмэгдлийн талаар их олон ном, өгүүлэл бичсэн хүн агаад манай “Улстөрийн сонин”-д тоймчоор ажиллаж байгаад нас барсан юм. Бид хоёр хамтарч “Эдийн засгийн хэлмэгдүүлэлт” хэмээх нэг ном хэвлүүлсэн агаад намайг зохиогч бол гэсэн, гэвч нэг ч зохиомол юмгүй тул “эмхэтгэсэн” гэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Уг нь эмхэтгэгч нь Навгаа ах, редактор нь би юм. Гэвч олон өгүүллийг маань редакторлаж, их ч зүйл нэмсэн тул энэ удаад чи эмхэтгэгч бол гэж найр тавьж билээ. Өнөөдөр үйл явдлын  амьд гэрч цөөрч байна. Коммунизмын жилүүдэд түүхийг их засварласан тул бичиг баримт ч үлдсэнгүй, гагцхүү амьд түүх үнэн болж байна. Энэ өгүүлэлд олон аман түүх бий, харин үүнийг нотлох нь миний ажил биш, судлаачдынх буй за.   


Эртний дуулал

БАЙЛГААГҮЙ УЛСЫН ЭРЭЛД

Оршил
Баруун зүг, наран шингэх өрнө. Тэнд авралын од бий. Яагаад ч юм тал нутгийн догшин нүүдэлчдэд дорноос л аюул учирч, өрнө аварсан байх юм. Дорныг сөрөн довтлогтун, ялагдваас өрнө зүгт одогтун. Ийм бодол өнөөг хүртэл амь бөхтэй байна.
Хятадын анхны нэгдмэл төр улсыг байгуулагч Цинчүүд угтаа бол нүүдэлчдээс Хятадын хойд хилийг хамгаалах үүрэгтэй цэрэгжсэн, морьт болоод тэрэгт цэрэг олонтой жижиг вант улс байсныг бодвол нүүдэлдээс тариадад учруулах дарамт Хүн нараас ч өмнө тун сүрхий байж. Бүр тусгай, цэрэгжсэн халхавч улс байгуулсан нь хамгаалах тогтолцоо-систем бий болсны шинж юм.
Өрнө зүг зугтагсад удаан наслаж, өмнө зүгт нүүгсэд уусчихдаг юм аа гэхэд нүүдэлчид яагаад дорно зүг рүү, тэр тусмаа Хянганы уулсын дорнод бэл тал, Амарын сав, Манжуурын зөөлөн уур амьсгалт, сахлаг бэлчээрт тал, Амарын өмнө бие өнөөгийн Өрөнгөө голын савын сахлаг бэлчээр, Тогоон төмөр хааны харамсан дурсдаг Шандугийн дулаан шар тал руу нүүдэггүй байсан юм бол? Энэ нутгаас Шар мөрний саваас төр улсынхаа төвийн алгуур Хөх мөрний савд шилжүүлсэн Хятадуудад сүрхий дарамт учруулж чадах бус уу? Энэ нь ч батлагдсан. Зүрчид, Манж нар яг эндээс Хятадын зүрхэнд цөмөрсөн. Эрэмгий Төвдүүд шар мөрнийг даган давшиж Хан, Сүйг баруунаас шахамдуулж байв. Үе үе дорноос шахамдуулах ба эцсийн эцэст яг Халхын тал нутгаас л Хятадад том гай гамшиг учруулж байв. Гурван талаас бүслэгдсэн Хятадад Халхын тал нутагт төвлөн тогтногч нүүдэлчид сүйрлийн цохилт өгдөг байсан. Татарууд, Зөрчидүүд, хожмын Манж нар боссон энэ нутгаас хүчирхэгжин өндийх боломж бий. Өнөөгийн Хятадын газрын зураг бол хоёр жигүүрээ найдвартай хамгаалан тэлсэн, гагцхүү Монгол л түрэн орсон хэлбэртэй. Тиймээс Хятадууд Монголыг тахианы нуруун дээрх чулуу гэдэг.
Түүхнээ Монголчууд баруун Алтайгаас түрсэн төмөрчин Түрэгүүдэд ялагдсан тул дорно зүгт зугтаж олон зууныг үджээ. Тэгээд Түрэгийг өрнөдөд одсоны дараа уугуул нутагтаа Ононгийн савд зүтгэн ирсэн байна. Хөгшин Орхоны хөндий, эртний Хүн гүрний үеэс их гүрний төв болсон нутгийг эзэмшдэг нэр хүндтэй, аядуу Хэрэйдтэй тулсан Монголчуудын араас шалбалзуур татарын тасардаггүй өсөрхөл, зүрчидийн хорон явуулга салахгүй байжээ. Монголчууд Хэрэйдтэй эвийг хичээж, Татартай эвлэршгүй үзэлцэж байжээ. Тйимдээ ч Чингис хааны өвөг дээдэс Хэрэйдийн хан өөрийн “анд” байгаасай гэж хүсдэг, Есүхэйн хоёронтоо тэнхрүүлсэн Тоорил чухам яг тийм хүн мөн. Эцэстээ зүрчид татар муудалцах тэрхэн боломжид Тэмүжин Хэрэйдийг ятгаж Татарыг даржээ. Энэ бараг л хувь заяагаа, орших эс оршихоо “дээд тэнгэрээр заалгасан” хэрэг байж. Үүний дараа л нууц түүхэнд товчлогдсон 13 жилийн гачлант амьдралаа Татарын нутгийн хязгаар, Балжун нуурын намагт өнгөрөөжээ. Хэрэв энэ хүнд цагт Татарууд хүчирхэг хэвээр байсан бол нууц товчоо тэр чигээрээ товчлогдож, Хэрэйд, Татарын түүх үргэлжлэх байв. XIII зуунд Халхад Хүн маягийн Хэрэйд, Түрэг маягийн Найман, Манж маягийн татар байсан ба эдний дундаас Монголчууд цоо шинэ дэлхийн гүрний түүхээ эхлүүлжээ.
Юань гүрний дараа Хятадаас хөөгдсөн Монголчууд тал нутагтаа тэсэн үлдэх ёстой болов. Манай Орос зохиогчтой түүхэнд Хятадууд Монголчуудыг хорон явуулгаар хагаралдуулж, бүдүүлэг Монголчууд хямарч байсан гэж бичдэг болохоос яг үнэндээ Юань гүрний үеийн үлдэцээ, нэр нөлөөгөө ашиглаж Монголчууд ч Мингийн ордныг сүрхий хутган үймүүлж байжээ. Гуравдугаар хаан нь гэв гэнэт Монгол хүн гарч ирж, удаан хаанчилснаар Хархорумаа дахин сүйтгүүлж, хүндхэн байдалд орсон Монголчууд нэгэн жарны турш амсхийж, сэхээ авч чадсан юм. 
Гэтэл өрнө зүгт шинэ “дайсан” гараад ирэв. Эндээс бол зохиомол түүх эхэлнэ.
Оросын “Нууц товчоо”

НАЛАЙХААС ТАВАН ТОЛГОЙ ХҮРТЭЛ

Уурхай: Өгөх ба авах

Уурхайчдын хотод өссөн, “Налайх бол Монголын ууган хүнд үйлдвэр, эх орны гал голомтыг тэтгэгч” гэсэн суртал нэвтрүүлгийн дотор өссөн хүнд уул уурхайн асуудал хэзээд сонирхол татна. Манайх ажилчны гэр бүл, хамаатан садангууд бүгд уурхайчин. Бидний багад “Аав минь уурхайчин, Ах минь уурхайчин, Би өөрөө уурхайчин, Бид бүгдээрээ уурхайчин юм” гэж цэцэрлэг сургуулийн урлагийн үзлэгт хоороороо дуулдаг байсан. Аав, ээж өглөөд “Алтан уурхай” минь гэж залбирч, цай сүүнийхээ дээжийг уурхайнхаа зүг өргөдөг байв. Манай гэр бүлд хамгийн хүндтэй хүн нь ээжийн дүү уурхайн болон аврах ангийн инженер, аавын ах гүний уурхайн чигчих цехийн дарга. Аав маань гүний уурхайн өрмийн комбайны машинист байгаад группэд гарсан ээж маань гүний уурхайн ус татагч, моторист зэрэг ажил хийж явсан.

Саяхан Зян Руны “Чонон сүлд” романд Монголын гүн ухааныг гайхалтай томъёолсон байна. Дэлхийд их буюу өгөх амь, бага буюу авах амь гэж байна. Бага амь их амиас “авч” оршдог. Харин их амь өгч оршдог. Их амиа сүйтгэвэл бага амь мөхнө. Монголчуудын гүн ухаан бол “өгөх” ухаан юм гэж. Монголчууд бүхнийг байгальдаа өгч, байгалиа тэтгэж, байгалиа хамгаалж амьдардаг. Суурин иргэншил бол байгалиас авч, байгалийг өөрчилж амьдардаг. Монголчууд байгалийн эргэлтэнд дунд байгалийн нэг хэсэг болон амьдарч байхад суурин иргэншил байгальтайгаа зөрчилдөж амьдардаг тул хэт хөгжлийн явцад мухардалд орж буй хэрэг. Аврал Монголчуудад л бий... “Чонон сүлд” Нобелийнхоос бусад дэлхийн утга зохиолын хамгийн дээд 7 шагналыг авчээ. Нобелийг нэхэж олгодоггүй тул авч чадаагүй ажээ.        

“Алтан уурхай”-даа цай, сүүний дээжээ өргөдөг нь “өгөх ухааны” илрэл. Бид авдаг, гэхдээ бас өгнө гэсэн үг. Үеийн үед Хангай дэлхийдээ ингэж өгсөөр ирсэн. Аав ээж хоёр маань хөдөлмөрийн хүнд нөхцлөөс хоёулаа жаргаж суух жаран насаа өгчээ. Баахан одон медаль, депутатын тэмдэг л үлдэж, гэхдээ тэднийгээ ажилсаг нэр хүндтэй хүмүүс байсны баталгаа учраас тэр одонгуудыг одоо ч хадгалдаг. Амьдрал хангалуун байсан. Миний л ухаан суухын, аав группын мөнгө гэж сардаа 1040 төгрөг авдаг байлаа. Уушгины тоосжилттой, ер нь дотор эрхтэн гэж авах юмгүй байсан байх, хоолтой хоолгүй зүтгэсээр биегүй болчихсон хүн байжээ гэж одоо бодож муу аавыгаа өрөвддөг юм.