Tuesday, June 19, 2012

Шударга ёсыг эргүүлэн залах нь

Хорин жилийн өмнө Монголчууд амьдарч байсан нийгмийнхээ тэгшитгэн хуваарилах зарчмыг шударга биш байна гэж үзэж татгалзсан. Шударга сайн сайхан нийгмийг байгуулах Ардчилсан хувьсгал хийгээд хорин оныг үдлээ. Их ч хийсэн бага ч хийсэн нийгмийн баялгаас ижил тэнцүү хүртэхийн оронд, хэн их хийсэн нь ихийг хүртэж, гар хумхин суусан нь хоосон хоцрох шударга нийгэм бол ардчилсан нийгэм хэмээн бид итгэсэн билээ. Тухайн үед коммунизмыг “Чадлынхаа хэрээр хийж, хэрэгцээнийхээ хэрээр авах” гэж төсөөлж байсан нь чухамхүү хөгжингүй капитализмын үр дүнд бий болох нь гэж итгэсэн юм. Тухайн үеийн бүх хүний тархинд нэвшсэн марксист формацийн онолоор бол хувьсгал гэж гол нь баялгийн хуваарилалтыг шударга болгох үйлс байсан юм. 1990 оны хувьсгалыг гардан хийгч Шинжлэх Ухаан Коммунизмын Онолоор хүмүүжигсэд ч ингэж бодож байсан нь харагддаг. Боолын нийгэмд нийгмийн олонх болсон боол гэгч хүн биш, эздийхээ өмч, амьд багаж байдаг бол феодалын нийгэмд газар эзэмшигчийн газрыг түрээслэгч, нүүдэлчдийн хувьд эзний малыг хариулагч зарц, хамжлага, харин капиталист нийгэмд хувийн талаар чөлөөтэй авч гинжнээсээ өөр алдах юмгүй пролетариуд буюу ажилчин анги нь нийгмийн өмчийн ихэнхийг гартаа авсан капиталистуудын хөлсний ажилчин, биеийн хүчин үнэлэгч байв.  Харин өнөөдөр нийгмийн давхаргын хамгийн өргөн хүрээг бүрдүүлэгч Монголын ард түмэн үлгэрлэвээс “Саналаас өөр худалдах юмгүй” үгээгүйчүүд болсон байна. 
 
Өнөөдөр эрх баригч МАН, АН-ын үүдээр ороод уриаг нь харвал “шударга ёс” гэж томоор бичээд хадсан байгаа. Сонгууль болгоноор шударга ёс ярьдаг. Харин энэ шударга нийгмийг 20 жилийн өмнөх шударга бус нийгэмтэй харьцуулъя. Хорин жилийн өмнө өнөөгийн ардчилагчдын хашхичиж байсан “Тойрон хүрээлэгч, тусгай хангамжинд тансаглагч, хязгааргүй эрхтэй засаглагч, дураар дургигч” Намын төв хорооны улстөрийн товчооны гишүүн жирийн иргэдээсээ юугаараа ялгаатай байсан бэ?  
 
Жирийн иргэд байр авах ээлжээ хүлээсээр насыг барж байхад дарга нар хоёр өрөө байртай байжээ. Хувийн унаатай хүн цөөхөн байхад дарга нар улсын унаа унадаг байсан. Иргэн амралтаараа сайндаа Тэрэлжид очдог бол дарга жилдээ нэг Хар далайн эрэгт, Сочид амардаг байсан. Гэхдээ л дунд насны иргэд энгийнээсээ УТТ-ны гишүүнээ хүртэл адилхан драпан пальто өмсдөг байсан. Тэр үед УТТ-ны гишүүн, хороон дарга хоёрыг гаднаас хараад ялгадаггүй байж. 
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, 1960 оноос Аж үйлдвэрийн яам болон Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайдаас МАХН-ын Төв хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга хүртэл 30 гаруй жил улсын аж үйлдвэрийн салбарыг захирч ирсэн Паа¬ван¬гийн Дамдин ажиллах хугацаандаа тухайн үеийн ханшаар 180 төгрөг “идэж уусныг” Ардчилсан хувьсгалын дараа илрүүлэн тогтоосон байна. 30 жилд 180 төгрөг. Дамдин гуай тэтгэврээсээ 180  төгрөгийг улсад тушааж улсыг хохиролгүй болгосон. 
Бүх үеийн УТТ-ны гишүүдээс хам¬гийн аюултай "шамшигдуулагч" нь МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, БНМАУ-ын СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар агсан байв. Тэрээр хотын төвд хоёр өрөө байр нэмж авч, ханыг нь цөмлөн дөрвөн өрөө байртай болжээ. Бас нормоор хийлгэдэг байсан костюм пиджакны хослол нэгийг илүү хийлгэсэн ба Хар далайд нэг удаа илүү амарч улсын хөрөнгийг сүйтгэсэн ажээ. Бас хайрцагны модоор бус банзаар зуслангийн байшин бариулж ард түмний хөрөнгийг үрэн таран хийсэн этгээд гэж бид хачин их муулсансан. Өнөөдрийн сайд нар жорлонгоо гадаа банзаар барьж доошоо орохгүй байх л даа. 
Энэ хоёр хүнийг санамсаргүй сонгоогүй юм. Д.Майдар гуайн алба бол өнөөгийн тэргүүн шадар сайдын алба, П.Дамдин гуайнх салбар хариуцсан нарийн бичгийн даргын хувьд мөн л шадар сайдын хэмжээнийх.  
 
Ердөө хорьхон жилийн өмнөх жишээ энэ. Харин одоо ямар болсон гэж та бодож байна? УИХ-ын нэг гишүүний зөвхөн мэдэгдэж байгаа зардлыг тоймлон хэлье; нэг жилд цалин 10 сая, туслах зөвлөхийн цалин 26 сая, хоол, унааны зардал 193 сая, хууль сурталчлах нэрээр 10 сая, бусад орны хууль судлахад 10 сая, гар утасны ярианы зардал 1,44 сая, хэрэгждэггүй ч байсан хууль санаачилсны төлөө 20 сая, унааны зардал 6,6 сая, тойргийн томилолт 8,7 сая, хэвлэл захиалгад хагас сая, зочин хүлээж авахад 0,72 сая, бэлэг дурсгалд 0,7 сая гэх мэтээр нийтдээ нэг жилийн урсгал зардал нь л 287 сая 640 мянган төгрөг болж байна. 
Энэ бол зөвхөн олон нийтэд мэдэгдэж байгаа зардал нь. Үүнийг 76 гишүүнээр үржүүлбэл ард түмэн 76 их хурлын гишүүнийг тэжээхийн тулд 255 тэрбум 582 сая төгрөгийн татвараа үрэн таран хийжээ. Энэ бол эрхэм гишүүдийн амьдралаа залгуулдаг мөнгө нь. Үүн дээр 2009 онд 500 сая төгрөг, 2010, 2011 онд тус бүр нэг тэрбум төгрөг гишүүн тус бүр төсвөөс авсан. Сонгогдсоноосоо хойш нэг гишүүн гурван жилд 3 тэрбум 362 сая 920 мянган төгрөгийг дангаараа зарцуулжээ. 
Монголын банкуудын татан төвлөрүүлсэн хадгаламж буюу депозит 2,8 триллион төгрөг буюу ДНБ-ий 40 хувьтай тэнцдэг. Энэ мөнгөний 97 хувийг нийт хадгаламж эзэмшигчдийн 2 хувь нь л эзэмшиж байна. Үлдсэн 3-хан хувийг хадгаламж эзэмшигчдийн 98 хувь эзэмшиж байна. Бүр нарийвчилбал хадгаламж эзэмшигчдийн ердөө 0,01 хувь нь нийт хадгаламжийн 50 хувийг дангаараа эзэмшдэг гээд бод доо. Хэрэв үүнийг итгэлцүүрээр тооцож үзэхэд Монголын нийт баялгийн 80 хувийг 250 шахам гэр бүл, тэр дундаа бизнес эрхэлж үзээгүй төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэл эзэмшиж байна. 
 
Хог сахиж амьдардаг бүхэл бүтэн хүн сүрэг, давхарга бий болсон байхад Монголын баячууд эхнээсээ дэлхийн долларын тэрбумтнуудтай арцалдаж эхэллээ. ҮСГ-ын гаргасан судалгаагаар нийт хүн амын 40 хувь нь өдөрт 1 ам.доллараас бага орлоготой буюу нэн ядуу гэсэн ангилалд багтаж байна. Хуванцар сав цуглуулж өдөрт 2000 төгрөг олдог үгээгүй ядуу хүн энэ ангилалд багтахгүй нь л дээ. Гэтэл 2000 төгрөгөөр хүн ямар хэрэгцээгээ хангах вэ? 
 
Ийм бодат амьдралын жишээ болон албан бус судалгаанууд ядуурал элбэг 80 хувь даваад байгааг гаргадаг нь өнөөдрийн бодат байдалд дөхөж очно. 
Газрын баялгийн хуваарилалт бүр ч тэнцвэргүй. Улсын төсвийн 80 хувийг саяхан дангаараа бүрдүүлдэг байсан Эрдэнэтээс зэсийн нөөцөөрөө 7 дахин, алтны нөөцөөрөө Бороогийн алтны ордоос 40 дахин, Асгатын мөнгөний ордоос 4 дахин их мөнгөний нөөцтэй Оюутолгойн орд газрын баялгийг мөнгөнд шилжүүлбэл дэлхийн нийт иргэн 7 тэрбум хүнийг бүтэн сар тэжээх мөнгө, нэг хонийг 40 доллараар тооцоод Оюутолгойн баялгийг хонин толгойд шилжүүлбэл 10 тэрбум хонь. Энэ баялаг одоо монголчуудад хамаагүй, гаднынхны мэдэлд байна. Фрийдланд гэдэг эр энэ ордоор хөрөнгийн биржид мөнгө босгоод дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад орсон. Харин монголчуудад юу оногдсон бэ? Зөвхөн Өмнөговь аймгийн 40 мянган иргэн 100 мянган төгрөг одоогоор аваад байгаа. Одоогоор ердөө л энэ. Гэрээ хэвээр үргэлжилсээр байвал цаашид ч байдал дээрдэхгүй.  
 
Монголын үндсэн баялаг мал аж ахуйн хувьд баялгийн хуваарилалт ямар байгааг бид бүгдээрээ мэднэ. Монгол 2,7 сая хүнтэй 40 гаруй сая малтай, нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсана. Гэтэл тэр мал нь бараг тэр чигээрээ гадаад эзэнтэй банкны мэдэлд байна. Монголчууд тэр аяараа цалингийн,  тэтгэврийн, малчны болон бусад зээлийн өрөнд орсон байна. Ховд аймгийн Дуут сум тэр чигээрээ ХААН банкны өрөнд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 325 өрхийн 320 айл зээлтэй, нийт сургуулийн 100 багшийн 85 нь зээлтэй гэх мэтчилэн бүх аймаг, суманд давтагдана. 
 
Бодат баялгийн хуваарилалтыг мөнгөн хадгаламж, газрын баялаг, мал аж ахуй гэсэн үндсэн томоохон гурван баялаг дээр жишээ татаж хэлэхэд ийм л байна. 
Бид нийгмийнхээ шударга бусыг хангалттай зүхэж байна. Шударга ёс гэж яг юу юм бол оо? Шударга ёс гэдгийг хүн бүхэнд тохирохыг нь хуваарилах гэж ерөнхийд нь тодорхойлжээ. Гол асуудал нь хэнд юу тохирох вэ гэдэг дээр л байгаа юм. Танд шударга санагдаж байгаа зүйл өөр нэг хүний үнэлэмжээр шударга биш байж болно. Нийтээр хүлээн зөвшөөрч болох шударга ёсны хэм хэмжээг нийгэмд зөвхөн хуулиар л тогтоодог. Гэтэл бидний хууль юу болж хувирсан билээ? 
 
Иргэн хүн мянгыг хулгайлбал шоронд ордог, эрх мэдэлтэн тэрбумыг хулгайлбал саарал ордонд ордог ийм л зарчим ерөнхийдөө үйлчилж байгаа. Цагаан захтнуудын үй олон гэмт хэргийг хэвлэлийнхэн илчилснээс гагцхүү ГЕГ-ын дарга асан Х.Баатар л авилгын хэргээр шоронд хоригдсон. Гэхдээ энэ хүн жинхэнэ авлигын эх сурвалж нь биш зөвхөн жинхэнэ гэмт хэрэгтнүүдийн өмнөөс халхавч, золио болж шийтгэгдсэн, авлигын торон сүлжээний хамгийн захад байсан хүн. Харин монголын гэмт хэрэгтнүүд огцом өсч байгаа шорондоо багтахаа байсан учраас шинээр шоронгууд барьж байгаа. Харин энд хоригдох албан тушаалтан гэж байхгүй. Уул нь хууль гэж шударга ёсны дэнс, шүүгч. Иргэн хүн хамгаалагдаж эрх мэдэлтэн хязгаарлагдаж байхын тулд хууль оршдогсон биш билүү?! 
Мянгыг хулгайлахад гар байхад л болно, саяыг хулгайлахад бүлэглэл хэрэгтэй,  тэрбумыг хулгайлахад хууль хэрэгтэй, харин бүгдийг хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй гэж үг бий. Тэд өнөөдөр хуулиа батлаад албан ёсоор хулгайлцгааж байгаа, бас хулгайлсан тэр мөнгөөрөө бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг савартаа атгаад бүгдийг хуу хамж байна.  
Өнгөрсөн хорин жилийн алдаа оноогоо дэнсэлбэл хүн бүхэн биш хэн илүү мэдээлэлтэй, хэн илүү эрх мэдэлтэй нь илүү баяжлаа. Одоо хэн мэдээлэлтэй, хэн эрх мэдэлтэй, хэн мөнгөтэй нь бүхнийг худалдан авч байна. Одоо энэ та бидний хорин жилийн өмнө хүсч, мөрөөдөж, төсөөлж байсан шударга ёс мөн үү гэж бүгдээрээ өөрсдөөсөө асууя.
Нэг өдөр ядаж наймаа хийгээгүй, зөөлөн сандал дээрээ сууж байгаад баяжсан цагаан захт гэмт хэрэгтнүүдийн шударга бусаар олсон хөрөнгийг хураах нь шударга ёс мөн юм. Гэтэл чингэхийг хэлмэгдүүлэлт явуулах гэж байна, коммунизм байгуулах гэж байна гэж мунхаглан мэтгэгчид, үнэндээ айн балмагдагчид олширсон байна. Шударга ёсыг тогтоох коммунизмыг сэргээх хоёр чинь хоорондоо өлгүүр дүүжлүүр хоёр шиг ялгаатай гэдгийг хулгайгаар баяжигсад ойлгох ёстой. Чи  өөрийн хөлс хөдөлмөрийг шавхаж биш түмний хөрөнгийг шулж мөлжиж авилгаар, хууль бус аргаар баяжсан бол түүнийг хураах нь шударга ёс биш гэж үү? Шударга бус үйлдэлд хариуцлага тооцох нь өөрөө шударга ёс. Харин гол асуудал бол одоо нийгэмд шударга ёсыг хэн, хэрхэн тогтоох вэ гэсэн прагматик асуулт. 
 
Хариуцлага тооцохгүйгээр шударга ёсны тухай ярих нь зэрлэгээр дүүрсэн бохир хөрсөнд цэцэг тарихтай адил үр дүнгүй, буруу ажил болно. Төрийн эрх мэдлийг буруу сэтгэлээр ашиглаж түмний хөрөнгөнд бузар гараа дүрсэн хүмүүс зохих шангаа шударгаар хүртэх ёстой. Тэдний дараа төрд гарах үе үеийн түшээдэд юу хийж болохгүй вэ гэдгийг сануулж байхын тулд тэдэнд хариуцлага тооцох ёстой. Ингэхгүйгээр төрд зүй ёсыг тогтоож нийгэмд шударга ёсны үнэлэмжийг бий болгож чадахгүй. Өнөөдрийн шударга бус нийгмийг өөрчлөхийг хүсч байгаа шинэ улстөрийн хүчин бол ядаж л хариуцлага тооцож чадах зоригтой, зарчимч шударга, ингэх ёс суртахууны эрхтэй  хүчин байх ёстой. Өвөртөө орсрн 
Эртний судар номуудад бичихдээ, ноёд нь ёсыг сахиж ард нь хуулийг сахиж байж нийгэмд зүй зохист байдал, шударга ёс тогтдогийг бичжээ. Ард нь хуулийг сахидаг байхын тулд эхлээд ноёд нь ёсоо сахидаг байх ёстой ажээ. Сингапур улсыг хөл дээр нь босгосон үлгэр жишээ удирдагч, тус улсын ерөнхий сайд асан Ли Куан Ю сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, “Ерөнхий сайд болсны дараа өөрөө хөрөнгөжин баяжих асар их боломж, мөн өөрийгөө мартан уйгагүй хөдөлмөрлөж улсаа хөгжүүлэх хоёр боломж байсан. Би хоёр дахийг нь сонгосон” гэжээ. Энэ бол ганц Сингапурын ерөнхий сайдад тулгарсан салаа зам биш байх. Эрх мэдэл албан тушаалд очсон хэн бүхнийг хамгийн түрүүнд ийм салаа зам угтдаг болов уу. Төрийн өндөр сэнтийг өөрийнхөө амьдралыг сайжруулахад ашиглах уу, эсвэл түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх үү гэсэн төрийн хүний хамгийн эхний ёс суртахууны шалгуур байдаг болов уу. Харин өнөөгийн Монголын төрд байгаа олигархууд энэ босгыг хэмхчин гишгэж хаяад ёс суртахуунгүй төрийн сэнтийд, авираа бидний дээр залж орхилоо. 
Байдлыг засах арга замыг уйгагүй хайвал эцсийн дүндээ хувь хүний ёс суртахуунд тулж очиж байна. Зөв ёс суртахуунтай, үнэт зүйлтэй, зарчимтай тийм хүмүүс хэдий цөөрсөн мэт санагдавч барагдаагүй нь ойлгомжтой. 
 
Хэнийг ийм салаа замын өмнө аваачихаа бас ард түмэн шийддэг. Хамгийн чухал шийдлийг гаргахдаа ард түмэн өөрөө шударга байгаа болов уу? Сонгогч бүхний өмнө бас л асуулт тулгардаг. Сонгуульд хамгийн их мөнгө зарцуулсан хамгийн баян хүнийг сонгох уу, эсвэл шударга, зарчимтай, зөв хүнийг сонгох уу? Өнөөдөртөө энэ хоёр сонголт нэг хүн байж бараг л таарахгүй байгаа нь дээр өгүүлсэн шалтгаануудтай холбоотой байх. 
Хүмүүс талхнаас илүү шударга ёсыг хүсч байгаа гэнэ. Үнэхээр тийм болов уу? 21 мянгад дугаарлаж байгаа, арван мянгаар саналаа худалдаж байгаа манай нийгмийн олонх шударга ёсыг үнэнээсээ хүсч байгаа болов уу. Сонгууль дөхөхөөр нэр дэвшигч юутай ирэх бол гэж гарыг нь харан өгсөн таван халтар төгрөгөөр нь саналаа худалдахдаа сонгогч та шударга ёсоо худалдаж байдаг, төрөө, нийгмээ тэр аяар нь алж байдаг. Энэ бол нийгмийн олонх шударга ёсыг ойшоодоггүй, шударга ёс нийгмийн үнэт зүйл болж тогтоогүйг харуулж байгаа хэрэг. Тэр ч байтугай “шударгаас юу ч хожихгүй”, “хэтэрхий шударга тэнэгийн шинж” гэдэг хэлц үгүүд хүртэл хэлэгдэх болжээ. Шударга байна гэдэг нь өөрийн үнэ цэнэтэй, төлбөртэй. 
 
Шударгааар шүүмжилбэл ажлаа алдчих болов уу, шударгаар цуглаанд оролцвол дарга харчих болов уу, шударга тэмцлийг дэмжвэл манай компанийг дарамтлаад эхэлнэ, шударга зүйлийг сэмхэн дотроо л дэмжиж байя. Энэ бол манай нийгмийн олонхийн шударга ёсны илэрхийлэл. Шударга ёс ингэж айдас хүйдэс, баглаа хүлээн дор дарагдан дорд үзэгдэж, уланд гишгэгдэж байна. 
 
Манай нийгэмд нэг л шударга ёс хэлбэрэлтгүй шударгаар үйлчилж байна. Тэр бол та бид төрөө сонгохдоо хариуцлагагүй хандаж байгаагийнхаа үр шимийг шударгаар хүртэж ядуу, хөөрхийлөлтэй амьдарч байгаа юм. Нийгмийн шударга ёс бол үнэндээ нийгмийн гишүүн бүрийн ёс суртахуунаар хэмжигдэнэ. Та шударга бай, Та үнэхээр л шударга хүн мөн юм бол шударга ёсны төлөө ямар нэг юм хий. Шударга хүмүүс юу ч хийхгүй бол шударга бус л ялан дийлэх болно. 
Энэтхэгийн үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч  Махатма Ганди, “Хүний тэвчих ёстой нүглүүдийн нэг нь ёс суртахуунгүй улстөр” гэж хэлжээ. Шударга ёсыг эргүүлэн залъя, зохих байранд нь тавья гэвэл бид хамгийн түрүүнд төрийн ёс суртахууны босгыг хэмхчиж хаясан ёс суртахуунгүй улстөрчдөөс салах ёстой. Өнгө мөнгөнд монгол төрийн живүүлж орхисон олигархуудаас төрөө юуны өмнө цэвэрлэж авах ёстой. Саяхан хуралдсан Бүх ард түмний их хурилдай 15 олигархийг зарласан, үүнээс л цэвэрлэгээг эхлэх ёстой биш үү? 
 
Хоёрдугаарт, МҮАН санаачлан боловсруулсан тавдугаар Үндсэн хуулийн төсөлдөө, төрийн эрх мэдлийг зургаа хуваасны нэг нь Төрийн албаны зөвлөлийн хэрэгжүүлэх шалгаруулах эрх мэдэл билээ. Төрийн албанд ажиллах хүнийг сонгохдоо ёс суртахууныг өндөр босго, гол шалгуур болгох зайлшгүй шаардлагатай. Дахиад л өнгөрсөн нийгмээс, социализмаас иш татахаас өөр арга алга. Өнөөдрийн нийгэмд татчихаар жишээ үнэхээр алга. Ёс суртахуун төрийн албаны төдийгүй, нийгмийн гишүүдийн үндсэн шалгуур, байнгын даваа байсан. Арван жилйн сурагч байхаас нь хувийн хэрэг хөтөлж сурлагын зэрэгцээ хүмүүжил, ёс суртахууны байдлыг түүнд тэмдэглэдэг байсан. Хувийн хэрэг дээр ёс суртахууны ямар нэг доголдлыг бичсэн бол тийм хүн албан тушаалын босго давна гэж бараг байхгүй, тэр тусмаа төрийн алба хаших тухай бүр ч саналтгүй. Гэр бүлийн байдал нь хүртэл ёс суртахууны томоохон шалгуур болж гэр бүлийн талаар тогтворгүй хүнийг албан тушаалын босго алхуулдаггүй байсныг бид мэднэ. Харин одоо эхнэр, нөхрөө солих, ор хөнжлийн явдал нь бараг л төрийн түшээд, улстөрчдийн имиж, олонд гайхуулах бахдал шахуу зүйл болж хувирсан байна. 
 
Ёс суртахууны шалгуурыг төрд бий болгохгүйгээр шударга зарчмыг нийгмийн үнэт зүйл болон төлөвшүүлэх боломжгүй гэдгийг дахин хэлье. Цэвэрлэгээг зөвхөн дээрээс, төрийн өндөр албан тушаалтнуудаас л эхлэх ёстой, энэ нь шударга ёсыг тогтоох шударга эхлэл мөн юм.

No comments:

Post a Comment