Tuesday, June 19, 2012

Хаан шалдан байна /220 мянган шинэ сонгогч-Эрхэм дүү нартаа/

Монголд сүнс тэнүүчилж явна. Эрх баригчдад алуулсан таван хүний сүнс үнэнийг эрэн тэнүүчилсээр 2012 он гарлаа. 7 дугаар сарын 1 айсуй.
2008 оны 7 дугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний төлөө эрх баригчид хийх ёстойгоо хийсэнгүй. Эрх баригчид амлалтаа биелүүлэхэд ердөө 100 хоног үлдлээ. Гэвч тэд өнөөг хүртэл амлалтаа биелүүлсэнгүй. МАН АН таван хүний амь, 2,5 саяын амлалт хоёр дээр оршин тогтнож буйгаа мартсан бололтой. Тавыг хоёрт хуваахад 2,5 гарч байгаа биз. Энэ томъёог 2012 оны 7 дугаар сарын 1 хүртэл мартаж болохгүй. Таван хүний амь, эрх хуваан баригч хоёр нам, тэдний амлалт 2,5 сая төгрөг. 
Сар шинэ гарч байна. Хөгшид өвгөд, орлого багатай иргэд УИХ, Засгийн газрын өгнө гэж амласан сая төгрөгөөр ядаж сар шинээ сайхан тэмдэглэчихвэл ирэх луу жил маань дагаад сайхан болно оо гэж итгэж найдаж байсан нь талаар боллоо. Ирэх жил лав л сая төгрөгөө хүлээсэн 300 гаруй мянган иргэнд эрх баригчиддаа сайныг билгэдэх сайхан сэтгэл үлдээгүй. “Монгол хүн амны бэлгээр” гэдэг, “Амны бэлгээс ашдын бэлгэ” ч гэдэг. Гэтэл эрх баригчид сар шинийн өмнө саяа өгөөч гэхэд “Бид амлалтаа агуулгаар нь биелүүлсэн” гэж басамжилж байна. Энэ юу гэсэн үг вэ? Та ойлгож байна уу? Би л лав монгол хүн болж төрөөд эх хэлээрээ ярьж сурснаас хойш ийм утгагүй яриа огт сонссонгүй. Бидэнд агуулгаар нь өгсөн гэчихээд өөрсдөө болохоор бэлнээр нь тэрбум тэрбумаар нь авч байх юм. Эрх баригчид бэлгэгүй муухай үгээр ард түмнээ хуурснаараа тэдний ашдын бэлгэ нь ямар байх нь тодорхой болж байх шиг байна. Тэд сар шинээр улс орныхоо хойморт залах ёстой, эх орноо бүрэн бүтнээр нь бидэнд уламжлуулан өгсөн буурал өтгөсөө хуурлаа.
 
Уг нь сонгууль шударга болсон бол 2008 онд МАНАН бий болохгүй байлаа. МАНАН-гийн голомт гурван хар чулуутай, энэ нь нэгд луйвар булхай, хоёрт худал амлалт, гуравт таван хүний амь. Ард түмэн сонгохгүйг нь мэдээд МАН 1,5 сая, АН 1 сая төгрөг амласан хэр нь итгэл хүлээж чадаагүй тул бүхий л боломжоороо луйвардсан билээ. Дараа нь АН луйврыг эсэргүүцсэн дүр үзүүлж шантаажлаад МАН-тай нийлсэн. Луйвар булхайг нь эсэргүүцсэн ард түмнийхээ өөдөөс нэг нь буудаж, нөгөө нь булхайг нь булалцсан. 
Гэхдээ өнөөдөр тэдний бодож байгаа шиг ард түмэн айгаагүй, үүнийг би батална, учир нь өнгөрсөн дөрвөн жилийн нэг ч өдөр тэмцэлгүй өнгөрөөгүйг сануулж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартайн үлгэрээр луйвар булхайгаар хайнцсан МАНАН мөн л худал хуурмагаар хамтарсан засаг байгуулсан ч үр дүн нь мөн л амлалтаа үл биелүүлэхийн төлөөх худал хуурмагийн эвсэл болж дууслаа. Тэдний удтал хамтарсан цорын ганц зорилго нь эрх ямбаа хадгалж үлдэхэд хэрэгтэй сонгуулийн шинэ хуулийг хамтдаа батлахад оршиж байсан юм. Чухам яг үүнийгээ хамтарч хийчихээд салж, өнөөдөр нэг нь шударгын дүрд, нөгөө нь шунагийн дүрд тоглож байна. Үүнийг МАНАН сарнисан гэж бүү андуураарай, МАНАН зөвхөн зүсээ л хувиргасан юм. 
Өнгөрсөн дөрвөн жилийн нэг ч өдөр тэд амар амгалан байгаагүй, амлалтаа санаж, ард түмнээ хэрхэн аргалж, хуурахаа л бодож байсан, яг тийм хар дарсан зүүд шиг дөрвөн жилийг өнгөрөөсөнд итгэлтэй байна. Шатсан байшингынхаа оронд босгосон гантиг ордноор нь тэд хэрхэн идэж ууж, шамшигдуулж байгааг бэлхнээ харж болно. Тэр ордон бол ил идсэний гэрч, гэхдээ 2012 оны сонгууль шударга явагдахгүй бол энэ гоёмсог ордон тэдний булшны гантиг хөшөө болохгүй гэх газар үгүй.
Эрх баригчид “Оюу толгой”, “Таван толгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад түүнээс олсон мөнгөө ард иргэддээ хувь, хишиг тарааж өгнө гэж амласан. Чухам үүний төлөө л гэрлэж бараалж байна гэлцэж байсан бус уу? Өнөөдөр “Оюу толгой” ордоос ард түмэндээ тарааж өгөх нь байтугай, улс орон өдөр бүр 300 мянган ам.долларын төлөх ёстой болоод байна. Тэр том ордын гэрээг байгуулсныхаа төлөө ердөө 250 сая ам.долларыг арилжааны нөхцлөөр зээлж авсныг сануулъя. Харин Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд лав энэ 2012 оны сонгуулиас өмнө оруулахгүй нь тодорхой боллоо. 
 
Ингэхээс аргагүй. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд яаравчлан оруулсан тэр цагаас МАНАН гадаад дэмжлэгээ бүрмөсөн алдах гээд байна. Эрх баригчид хэрхэн тооцож байна вэ? гэвэл 2012 оны сонгуулийн дараа үймээн бужигнаан гарвал  цагдаа, цэрэг хөдөлгөнө. Тэгээд эцсийн дүндээ өөрсдийн луйвар булхайг Таван толгойн ордыг сонирхогч гадаад ертөнцөөр хүлээн зөвшөөрүүлнэ, хариуд нь Таван толгойн ордыг Оюу толгойгоос долоон дор нөхцлөөр бэлэглэнэ гэж л тооцож байна. 
Яг ийм нөхцөлд өнөөдөр би энэ индэр дээрээс анх удаа төрийн эрх барих тун хариуцлагатай үйл хэрэгт оролцож, сонгуульд анх удаа саналаа өгөх гэж байгаа 18-22 насны залууст хандаж байна. Та нар Монголд Ардчилсан хувьсгал ялж байхад төрсөн залуус. Та нар хувьсгалаар төрөгсөд. Бүх үйлдвэр, комбинатуудаа эвдэн сүйтгэснээс ажилгүй болж, гудамжинд гарахгүйн эрхэнд үүргийн наймаа хийж зүтгэсэн ард түмний үр сад. 20 жилийн дотор ченжүүдийн гарт орсон малчдын хүүхдүүд. 2008 оны цуст сонгуульд санал өгөх насанд хүрээгүй байсан, тэгэхэд 14-18 настай байсан хүүхдүүд. 
 
Та нар санал өгөхөөсөө өмнө 2008 онд яагаад сонгуулийн дүнг эсэргүүцсэнийг тунгаан бодоорой. Энэ зургадугаар сард эрхэм дүү чиний анх удаа оролцох гэж байгаа сонгууль ямар учраас бусад сонгуулиас илүү өндөр ач холбогдолтойг аав ээж, ах эгч, өвөө эмээгээсээ асуугаарай. 2008 онд яагаад таван хүн буудуулсныг, хороолгох ямар гэм нүгэл тэр таван хүн хийсэн юм бэ? гэж асуугаарай. Хэрэв тэд хилсээр хороолгосон бол тэднийг хороох шалтгааныг тарьсан хүмүүс ямар бузар үйл хийснийг бас асуугаарай, өөр хоорондоо ярилцаарай. Залуус та нар саналаа өгсөн яг тэр мөчөөс энэ улс орны төлөө хариуцлага хүлээсэн сонгуулийн эрхтэй иргэн болно. Тэр мөчөөс та нар эцэг эхийнхээ хайр элбэрэлд өсөн торниод, нас биед хүрч эх орныхоо төлөө амьдрах ёстой болсноо ойлгоно. Харин тэр үед саналаа дугуйлахынхаа өмнө бас дахиад бодоорой. Би, бид ямар улс орон хүлээн авч байна вэ? гэж. Саналын хуудсанд МАН, АН гэж дугуйлахынхаа өмнө өдөр бүр зурагтаар гардаг торгон дээлнээс эхлээд, торгон зангиаг хүртэлх гоёлтой ах нар надад ямар эх орон хүлээлгэн өгч байгаа бол гэж аав ээжээсээ, эмээ өвөөгөөсөө, багшаасаа нэг лавлаарай.
 
Санал өгөхөөсөө өмнө намайг өлгийдөн авч, өсгөн бойжуулсан эх орон минь намайг өсөн торниж сонгуулийн насанд хүрсэн 20 жилд ямар болсон бэ? гэж өвөө, эмээгээсээ асуугаарай. Эгч нь яг Ардчилсан хувьсгалын анхны сонгуулиар яг л та нар шиг сонгуулийн эрхтэй болж байсан юм. Тэгээд Монголын ирээдүй бол ардчилал гэж итгэж анхныхаа саналыг ардчилсан хүчинд өгөөд өөрийгөө нэг их том хүн болсон мэт санаж сэтгэл өөдрөг санал авах байрнаас гарч ирж байснаа санаж байна. Тиймээс өөрийн мэдэх зүйлээ дүү нартаа хэлж өгье. 
 
Өнөөдөр манай эх орон гадныханд 10 тэрбум ам.долларын өртэй. Бид өдөр бүр хагас сая долларын хүүнд баригдаж байдаг. Би ч, чи ч, сар шинээр очиж золгох өвөө, эмээ чинь дөнгөж төрсөн дүү чинь хүртэл бүгдээрээ 5 сая 555 мянган төгрөгийн өртэй. Энэ өрийг чи ч, эмээ өвөө чинь ч, ээж аав чинь ч тавиагүй, МАНАН авч идсэн, харин чи бид төлөлцөх ёстой. Насанд хүрээд авч буй хамгийн эхний ачаа чинь энэ.Ерөнхий сайд ядарсан царайтай ДНБ 20 хувь өслөө, ажлынхаа 80 хувийг хийсэн гэж байнга ярих авч яг үнэндээ ажлынхаа 2 хувийг хийгээд, улсынхаа өрийг 8 дахин өсгөсөн байх юм. Тэр ах өөр ажилд, өөрийнхөө ажилд ядарсан байх.
 
Та нарт бүгдээрэнд чинь 2,5 сая төгрөг өгнө гэж амлачихаад өнөөдөр тэгж амлаагүй гэж тайлбарлахын тулд аргаа барж байгаа 70 гаруй гишүүдийг сайн хар. Яагаад тэд нар амлаагүй гэдгээ 70 гаруй янзаар тайлбарлаад байгааг, уг нь ганцхан тайлбар л байх ёстойг бодож үзээрэй. Ялангуяа худал хэлж буй хүнийг сайн таних үнэгүй сургалтыг тэд төлбөргүй зааж өгнө.Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөөд байгаа хэр нь түүгээрээ яагаад амлалтаа биелүүлчихэж болдоггүй юм бол гэж бодож үзээрэй? Нэг бол өсөөгүй, хэрэв өссөн байгаад өгөхгүй байгаа бол түүнийг хулгайлчихаж л гэсэн үг.
 
Эмээ өвөөгөөсөө асуугаарай, 10 тэрбум ам.долларын өр их мөнгө үү? гэж. Эмээ өвөө чинь хэлэх байх, “Их мөнгө өө, хүү минь. Энэ хэрийн мөнгөөр 70 жил Монгол Улсыг хөгжүүлсэн юм шүү дээ, миний охин. Хоёр ч дайнд ялж гарсан. Атрын хоёр ч аяныг оргүйгээс эхлэн өрнүүлж, аюулгүй хүнсээр дотоодоосоо иргэдээ хангадаг болсон. 100 гаруй тариалангийн, атар, тэжээлийн аж ахуй байгуулсан, улс орон мал аж ахуйн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болсон, айх аюулгүй амар жимэр суудаг байсан, Монголын арми зэвсэглэлээрээ Азидаа тавдугаарт ордог байсан. Хөнгөн аж үйлдвэрийн цогцолборууд боссон байсан. Мал аж ахуйн түүхий эдээ бүгдийг нь боловсруулдаг болсон. Хүнд үйлдвэрүүд олноор байгуулсан. Тэр үеийн өрөнд боссон “Эрдэнэт” үйлдвэр улс орныг 20 жил дангаараа тэжээсэн юм даа” гэж хэлээд эмээ өвөө чинь бодлогоширонгуй санаа алдах байх даа.  
 
Тэгвэл МАН, АН-гийн нэр дэвшигч ах эгч нараасаа асуугаарай. Өнөөдөр бид бүгдэд тус бүрт оногдоод байгаа 5,5 сая төгрөгийн өрөнд юу хийсэн бэ? гэж. Энэ 5,5 сая төгрөг гэдэг чинь нөгөө та бүхний сайрхаад байдаг “Нэг хүнд ноогдох ДНБ гэдэг нь мөн үү?” гэж асуугаарай. 
Урдаас чинь яралзтал инээж байгаад “Дулааны 18 мегаваттын аймаар гоё цахилгаан станц барьсан гэх байх. Тэгвэл тэр станцыг улс бариагүй, хувийн компани барьсан юм. Гэтэл хуучин их өрөөр Улаанбаатарт дөрвөн том станц барьсан, улс даяар 652 мегаваттын станц барьж байсныг та мэдэх үү? гэж өөдөөс нь сөргөн асуугаарай. “Оюу толгойд” үйлдвэр, “Ухаа худагт” хот барьж байгаа гэх байх. Тэггвэл өмнөх өрөөр Эрдэнэт, Дархан, Шарын гол, Багануур, Налайх, гээд аж үйлдвэрийн хотууд барьсныг эрхэм дүү минь мэдэж аваарай.  
Засмал зам барьсан гэх байх. Өмнөх өрөөр Хойд хилээс өмнөд хил хүртэл төмөр зам тавьж, баруун хилээс зүүн хил хүртэл автозам тавьж, улс орон иргэний нисэх хүчинтэй болсон  гэдгийг эмээ өвөөгөөсөө чи мэдэж авна. 
“Богд ар” гэх мэт зөндөө олон байшин барьсан гэх байх, харин өмнөх өрөөр гурван том хот, 18 аймгийн төв, 400 шахам суурин барьсан гэж ахмад буурлууд хэлнэ. Өнөөдөр сая төгрөгөө хүлээн гундуухан суугаа өвөө эмээгийн чинь залуу халуун нас энэ бүх бүтээн байгуулалтанд зориулагдсан юм. Тэгээд харьцуулаад үзээрэй. Яагаад ийм их ялгаа байгааг. Яагаад социализмын үед авсан зээлээр тийм ихийг хийж бүтээж болсон байхад өнөөдөр хамгийн сайхан ардчилсан нийгмийн үед авсан зээлээр юу ч хийгээгүйг. 
 
АН-ын ах эгч нар чинь авсан зээлийнхээ талаар аж үйлдвэрийн бүхэл бүтэн цогцолборыг нураасан юм аа, одоо нөгөө хагасаар нь буцааж барих гэж байгаа юм аа гэх байх. Үнэгүй мал өгсөн гэх байх. Тэр чинь одоо банкны өрөнд ороод даший шог болсоон, одоо малыг банкны гадаад эзэд мэддэг болсон гэж хэлээрэй. Үнэхээр л үнэгүй, мах сүү, түүхий эд нь үнэ хүрдэггүй, ямаанаас бусад нь ашиггүй малтай хамаатнуудынхаа талаар бодоод үзээрэй. 
 
Харин МАН-ын ах эгч нар нь “хөгжлийн мод” барихаар хадгалж байгаа юм аа гэх байх. Үүнийг сонсоод хөгшин ээж чинь “Бурхан минь одоо л модоо барих нь” гэж сэжиглэх байхаа. МАН-ын ах эгч нар нь “Муу үг модон улаатай, та битгий чанга ярь” гэж аргадах байх. Аав ээж чинь “Модон толгойтой юмнуудаас болж мод хатгах газаргүй боллоо” гэх байх даа.          
 
Эх орны минь баялгийн эзэд нь бид биш гадаадынхан. Тэд дураараа зөөгөөд явж байна. Харин бид хариуд нь тэдний хуучин нойтон бүхнийг л зөөж амьдарч байна. Ийм л эх орон гэгээн саруул оюунт дүү та нарын гар дээр ирлээ. Чухам ийм улс орныг дүү чамд өвлүүлэхгүй гэж 2008 оны 7 дугаар сарын 1-нд олон арван мянган Монголчууд эрх чөлөө, шударга ёсны төлөө босож тэмцээд цуст яргалалд өртсөн түүхтэй юм. Дөрвийг нь буудан хороож, нэгийг нь шатаж буй байшин дотор гавлаад хаячихсан.
 
Монголын ард түмэн өнөөдөр яг, шатаж буй байшин дотор төмөр гавтай нөгчсөн тэр л хүн шиг, утаанд угаартаж үхлээ хүлээж байна. Тэр угаар нь МАНАН нэртэй агаад Монгол хүн бүрийн амьсгалах сүүлийн агаар, аяган дахь сүүлийн хоолыг булаан авч байна. Одоо тэд зуухыг утаагүй гэж нотлодог болоод байна. Яг л шалдан хааны үлгэр шиг. Хорин жилийн өмнө ардчиллын лидерүүдийн нэг нь яг энэ ордноос, яг энэ индэр дээрээс “Хаан шалдан байна!” гэж Монгол даяар цуурайтуулж байсан юм.
 
Өнөөдөр би  хэлье, ХААН ШАЛДАН БАЙНА! МАНАН НҮЦГЭН БАЙНА!”
 
Өнөөдөр эрх баригчид өөрсдөө ч ойлгохгүй сонгуулийн хууль батлаад түүгээрээ дахин эрх мэдлээ хадгалж үлдэнэ гэж бодож байна. Сонгуулийн хуулийн энэ ойлгомжгүй байдал нь л нийгэмд ойлгомжгүй, эмх замбараагүй байдал үүсгэж мэдэхээр байна. Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар дэмжигчдийнх нь тоо эрс цөөрч байгаад түгшин, цагдаа, дотоодын цэргээр өөрсдийгөө хамгаалуулах хууль санаачлаад гүйлдэж байна. Аливаа нам олон нийтээс 30 хувийн дэмжлэг авч байхад л засаглах эрхээ хадгалж үлдэх жишиг бий, гэтэл өнөөдөр МАНАН хамтдаа 30 хувийн дэмжлэг хүлээхгүй байна. Тэд Монголын ард түмний итгэл, сэтгэлээс нэгэнт арчигджээ. 
 
Сонгууль шударга явагдана гэх ямар ч итгэл найдвар байхгүй бөгөөд “Сонгуулийн шударгаар явуулна” гэж байгаа эрх баригчдын үг “Бид амласнаа биелүүлсэн” гэж байгаатай яг адилхан туйлын ичгүүр сонжуургүй худал хуурмаг, чихэнд чийртэй сонсогдож байна. 
 
Дахин сануулъя. 2008 онд МАНАН 2,5 сая төгрөгийн амлалт, таван хүний амиар засагласан. Та нарт энэ жилийн сонгуулиас өмнө таван хүний амийг хөнөөсөн, буудах үүрэг өгсөн этгээдүүдийг илчлэн цээрлүүлэх, хүн бүр 2,5 сая төгрөгийг элдэв шалтаг хэлэлгүй бэлнээр нь тараан өгч байж л дахин сонгогдох эрх нээгдэнэ. Хэрэв энэ бүхнээ биелүүлээгүй атал сонгуульд ялсан гэсэн дүн гарвал эрүүл саруулаар сэтгэдэг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. 
 
Эцэст нь дүү нартаа дахин хэлье. Энэ жил анх удаа сонгуульд саналаа өгөх гэж байгаа 220 мянган шинэ сонгогч, 18-22 насны эрхэм дүү нартаа хандан хэлье! Энэ жил сонгогчдын эгнээнд цоо шинээр орж ирж байгаа дүү нар та бүхэн нийт сонгогчдын тавны нэгтэй тэнцэх том хүч. Бүхнийг өөрчлөх хүч та нарт бий. Улс орныхоо хувь заяаг хааш нь залах вэ гэдэг залуур эрхэм дүү та нарын гарт байна. Та нарын сонголтоос өөрийн чинь хувь заяа, улс орны чинь хувь заяа хамаарах болно. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоод, нэгэн цагт дэлхийг эзэлсэн их эзэн хааны цус чиний судсаар урсаж байгааг омогшин эргэцүүлээд ухаалаг, зөв, шинэ сонголт хийгээрэй. 
Хувьсгалаар төрсөн дүү чиний сонголт монгол хүнийг өрнөөс, Монгол орныг өрнөөс салгах, монгол үндэстэн монгол төрөө үндэснийхээ эрх ашгаар засагласан сайн цагийг авчрах хувьсгалт сонголт байх болтугай!

No comments:

Post a Comment