Tuesday, June 19, 2012

Эмэгтэйчүүд төрд хэзээ ч хагарал, бутрал авч ирдэггүй, эвлэрэл, эв нэгдлийг эрхэмлэдэг

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Чингэлтэй дүүрэгт МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшигч Г.Уянгатай ярилцлаа.

-Энэ удаагийн УИХ-ын сонгууль жендэрийн мэд­рэмж өндөртэй болох нь уу гэсэн дүр зураг харагдах боллоо. Ерөнхийдөө эмэгтэйчүүдэд ээлтэй  сонгууль болох нь гэж хүмүүс ярих болжээ. Жишээ нь таны сонгуулийн сурталчилгааны өнгө төрх ямархуу байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Надад ч гэсэн тийм мэдрэмж төрж байна. Чингэлтэй бол онцлогтой дүүрэг л дээ. Хоёр эмэгтэй нэр дэвшигчтэй. Өөрөөр хэлбэл, өмнө нь нэг эвсэл, нэг субъектээс хоёр эмэгтэйг нэг тойрогт дэвшүүлж байсан удаагүй. Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжиж буй дэмжлэг маш сайн байна.

Ерөнхийдөө иргэдийг харж байхад Монгол орны газар нутгийг сэндийчсэн, ядуурал, ажилгүйдэл маш их болчихсон гэх зэрэг нийгмийн асуудал ихээр хөндөгдөх болсон. Тэр дундаа ээжүүд, эмэгтэйчүүд нийгмийн асуудалд анхаарлаа нэлээд хандуулж, улс, орон гэрээ цэвэрлэж, цэгцлэх цаг болжээ.

Эрчүүдийн хаанчилсан 22 жилийн улстөр бол ерөнхийдөө газар нутгаа ухаж сэндийчиж, уул уурхайг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж барилга, зам шинээр барилаа. Нөгөө талд нь ажилгүй иргэд, сургууль завсардсан, өнчин, орон гэргүй хүүхдүүд болон салсан гэр бүлүүдийн хэргүүд тэр хэмжээгээр хуримтлагдсан. Эдгээр асуудлыг гарцаагүй эмэгтэйчүүдийн орол­цоотойгоор зохицуу­лахаас өөр аргагүй. Иргэд ч үүнийг ойлгож, тэр хэмжээгээр дэмжлэгээ илэрхийлж байна.

-Сонгуулийн тов зар­лахаас өмнө таныг Сүх­баатар аймгаас нэр дэвшинэ гэдэг яриа гарч байсан. Дассан сурсан газраасаа дэвших нь зүйтэй гэж сана­сан уу?  


-Анх 2008 оны сонгуульд өрсөлдөж байхад төрөөд удаагүй нялх биетэй байсан учраас тухайн үед сурталчилгаагаа хийж, иргэдтэйгээ ч уулзаж чадаагүй. Тэгсэн ч Чингэлтэй дүүргийн сонгогчид маань надад 20 хувийн санал өгсөн. 20 хувь гэдэг анх удаа сонгуульд оролцож байгаа хүнд  маш өндөр тоо. Тэгээд л миний суурь Чингэлтэй дүүрэгт байгаа юм байна гэдгийг ойлгож, мэдэрсэн.

 Дараа нь 2009 оны нөхөн сонгуулиар дэвшээд, энэ удаагийнхтай нийлээд гурав дахь удаагийнх нь болж байна. Өмнө өрсөлдөж байсан гэхээсээ илүүтэй  өнгөрсөн гурван жилийн хугацаанд миний хийж бүтээж, тасралтгүй хөдөлмөрлөснийхөө үр дүнг харъя гэж бодсон. Хүмүүс бас тэр хэмжээгээр намайг талархан хүлээн авч байна. Энэ хугацаанд Амлалт нэхэх ард түмний холбоог байгуулж, эрх баригчдын амлалтыг өгүүлсэн, өгүүлэхийн төлөө тэмцсэн.

-Амлалт нэхэх ард түмний холбоо эрх баригчдын амлалтыг бие­лүүлэх чиглэлээр хэрхэн ажиллав?

-Амлалт нэхэх ард түмний холбооны хийсэн ажлын үр дүнгээр өнөөдөр Монголын нэг иргэн дунджаар 498 мянган төгрөгийг гар дээрээ авч байна. Тухайлбал, сар бүр 21, 50, 70 мянган төгрөг, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, оюутнуудын 500 мянган төгрөг, 70 мянган төгрөгийн стипент, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа сая төгрөг зэргийг нэрлэж болно. Эдгээрийг дунджилж үзэх юм бол 498 мянган төгрөгийг хүн бүр гар дээрээ авчээ. Үүнийг тооцоод үзэхэд хоёр их наяд 20.800 тэрбум төгрөгийг иргэдийн гар дээр өгүүлж чадсан.

Яах вэ, үүнийг хүмүүс янз бүрээр ярьдаг ч ядарсан, хоногийн хоолтойгоо залгаж чадахгүй байгаа ард иргэдийн амьдралд нэмэр болж чадсан. Энэ бүхэн олон түмний төлөө тэмцэж чаддаг, амжилтад хүрч эрх баригчдаас илүү их зүйлийг хийж чадсан гэдэг утгаараа Чингэлтэй дүүрэгт надад өгөх дэмжлэг маш сайн байгаа. Би сонгуульд ялна гэдэгтэй итгэлтэй байна.

-Уучлаарай, гэхдээ дээрх мөнгийг АН болохоор 2008 онд амласан “Эрдэнийн хувь”-иа өглөө гэж байгаа бол Ардын нам ч халамжийн мөнгөтэй холбоотойгоор өөрсдөдөө гавьяаг нь үүрэх гэдэг. Гэтэл одоо та ард түмэнд бид амлалтыг нь өгүүллээ гэж байна. Сонгууль болохоор л би хийсэн, өгсөн гэх юм. Эдгээрээс болж иргэд сонгогчид эргэлзэх асуудал гаргахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр та ямар үндэслэлээр амлалт өгүүллээ гэж яриад байна вэ?

-Яах вэ, сонгогчдын хувьд хэн хийсэн нь чухал биш. Хэн амьдралд нь нэмэр болж байгаа нь чухал. Гэхдээ бид энэ мөнгийг нэхээгүй, шахаж шаардаж, амь нас, эрүүл мэндээрээ золио хийж, өлсгөлөн зарлаж тэмцээгүй бол өнөөдрийг хүртэл дээрх мөнгө иргэдийн гар дээр очихгүй байсан. Эдгээрийг надаар хэлүүлэлтгүй өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Намайг дэмжиж байгаа иргэдийн хандлага миний хүчин зүтгэлээр дээрх мөнгийг олгууллаа гэдгийг сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй. Иргэдийн гар дээр олгосон мөнгийг хоёр нам бид өгсөн гэж булаацалдаж байна л даа. Еэвэнгийн тал нь хаана байна гэдэг шиг. Гэвч гарцаагүй тэмцлийн үр дүнд олдсон, олгогдсон зүйл.

Хэрвээ манай иргэд санаж байгаа бол 2010 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр Монгол орныг хамарсан томоохон хэмжээний цуглааныг бид хийсэн. Энэ цуглаан зарлагдахад хоёр намын дарга нар суугаад “Та нар тайван, амгалан бай. Бид та нарын мөнгийг олгохоор шийдлээ” гэж хэлээд шийдвэрийг нь танилцуулж байсан. Энэ бол бидний тэмцлийн үр дүн. Түүнээс гэнэтхэн л нэг өдөр хоёр намын дарга нар зэрэгцэж суугаад сая төгрөгөө олгохоор болчихсон зүйл биш. Дээр нь бид 14 хоног өлсгөлөн зарласны эцэст УИХ-д байгаа парламентад суудалтай эрх баригч намууд санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигтээ “Бид энэ мөнгөө үе шаттайгаар олгоно” гэж тусгасан. Энэ бүгдийн үндсэнд дээрх амлалт биелсэн гэж хэлж болно.

-Сүүлийн үед сонгуулийг мөнгөний сонгууль болох нь, хоёр том олигархи намын дундаас бие даагч гурав дахь хүчнийхэн өрсөлдөхөд хүч дутна. Ядаж л телевизийн нэвтрүүлэгт цаг олдохгүй байхаас эхлээд асуудал байна. Ер нь олигархиудын зүгээс сонгуульд өрсөлдүүлэхгүй байх ч юм уу, сурталчилгаа зэргийг хааж боосон асуудал байна гэж зарим нэр дэвшигч ярьж байна. Таны хувьд иймэрхүү бэрхшээл, дарамт шахалт гарч байна уу?

-Мэдээж мөнгөгүйн зовлон байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрбум тэрбумаар нь төсвөөс авсан УИХ-ын гишүүд, эрх мэдэлтэй хүмүүс болон бидний хооронд өрсөлдөөн гэж хэлж болохооргүй тэгш биш байдал бий болсон. Бид хэтэрхий хүч тэнцвэргүй тулаанд орж байна.

Миний хувьд хэвлэл мэдээллийн тал дээр сэтгүүлч мэргэжил эзэмшсэнийхээ хүчинд давуу эрхтэй байж чадаж байна. Сонгуулийн өмнөхөн би сэтгүүлчидтэйгээ уулзсан. Тэгэхэд манай сэтгүүлчид сониныхоо тал нүүр гэх зэргээр хүн бүр л чадах ядахаараа сурталчилгаанд маань хандив өргөсөн. Энэ бүгдийг мөнгөн дүнгээр илэрхийлэх юм бол би ямар ч тэрбумтантай өрсөлдөхөд эн зэрэгцэхүйц тийм хандивыг сэтгүүлч найз нөхдөөсөө авсан.

Тийм болохоор би хэвлэл мэдээлэлд мөнгө зараагүй. Тэгж зарах ч  мөнгө байхгүй. Дээр нь сурталчилгааны самбарыг надад тус болох гэсэн хүмүүсийн хандиваар гаргалаа. Энэ бүх дэмжлэг надад хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэж байна гэж ойлгож байна. Надад тийм бэрхшээл харин ч харьцангуй бага ажиглагдаж байгаа шүү.

-Таны хувьд Н.Энхбаяр даргыг эрх мэдэлтэй байхад нь хамгийн их шүүмжилж байсан хүний нэг. Гэтэл цаг цагаараа байдаггүй гэдэг шиг нэг эвсэл болоод сонгуульд нэр дэвших гэж байна. Тэгэхээр зарим нэг нь таныг үзэл бодлоороо Н.Энхбаяр гэдэг хүнийг дэмждэг болов оо гэж гайхаж байж магадгүй юм?

-12 жилийн өмнө миний ярьж байсан шударга ёсны үзэл, нийгмийг өөрчлөх тухай болон эрх баригчдыг буруу замаар будаа тээж байгааг шүүмжлэх тухай үзэл бодол маань хэвээрээ, өөрчлөгдөөгүй. Н.Энхбаяр даргын хувьд өндөр албан тушаалаасаа буусны дараа Монгол Улс арай болохгүй замаар явжээ, би бас алдаатай зүйл хийсэн байна. Буруу хүмүүсийг төрд гаргачихжээ. Энэ алдаагаа засах ёстой юм байна хэмээн шударга ёсны талд хүрч ирж, байр сууриа өөрчилж чадсан.

Харин миний байр суурь хэвээрээ байгаа. Ер нь шударга ёсны, шинэчлэлт өөрчлөлтийн үзэл санаанд нэгдсэн хэнийг  ч болов бид талархан хүлээж авна. Нөгөө талаас харвал МАН, АН аль аль нь  гадныхантай нийлж газар нутгаа зарж, ядууруулж байхад түүний эсрэг Н.Энхбаяр, Г.Уянга хоёр нийлж байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш. Н.Энхбаяр даргыг хүмүүс эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай байхад нь албан тушаал авах гэж алдаа дутагдлыг нь хэлж чадахгүй улыг нь долоож гүйдэг байсан. Би тэр үед нь түүний алдаа дутагдлыг нь хэлж, шүүмжилж чадсан.

Албан тушаалаасаа буугаад энгийн иргэн болоход нь хүмүүс яаж нүүр буруулж, нулимж, дэвсэж байгааг бид хангалттай харж байна. Би үзэл бодлоо өөрчлөөд зөв зам дээр зогсоход нь шударгаар тосч авсан. Шударга ёс, зарчимч байдал гэж л үүнийг хэлэх байх.

-“Аалзны тор”-ыг бичиж нэг хэсэг нийгмийг цочроож байсан. Хачирхалтай нь өдгөө “Аалзны тор”-нд нэр нь дурдагдаж байсан хүмүүстэй нэг эвсэл болчихлоо. Энэ бас үзэл бодлын өөрчлөлт үү?

-Өнөөдөр Монголыг аврах уу, яах вэ гэдэг том эрх ашиг бидний өмнө тулчихаад байна. Монголын газар нутаг энэ хэвээрээ үлдэх үү, бид цаашаа оршин тогтнож чадах уу, гадны гар хөл болсон олигархиудаас монгол түмнээ салгаж авч чадах уу, үгүй юу гээд олон асуудал бий. Алдсан, оносон янз бүрийн байр суурин дээр байсан бүх хүн өдгөө ойлгоод ирж нэгдэж байна. Бас ойлгоогүй нэг нь цаашаагаа явж байна.

Ер нь монголчууд хоёр л хуваагдаж байх шиг байна. Монголын эрх ашгийн төлөө, эсвэл эсрэг тийшээ. Монголынхоо эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хэнтэй ч бид нэгдэх болно. Угтаа бол монголчууд  бүгд нэгдэж, нэг шугаман дээр зогсох л хэрэгтэй. Тэр цаг хугацаа тийм хол биш байгаасай гэж залбирч сууна. Ер нь эмэгтэйчүүд, эхчүүд төрд хэзээ ч хагарал, бутрал, дайсагналыг авч ирдэггүй. Эвлэрэл, эв нэгдлийг эрхэмлэж байдаг. Тийм ч болохоор бид УИХ-д орвол хамгийн эхэнд монгол үндэсний эрх ашгийн засаглалыг тунхагласан тавдугаар Үндсэн хуулийн төслийг оруулж хэлэлцүүлэхээр дэвшүүлээд байна.

-Сонгогчид Н.Энхбаяр даргыг сонгуульд орно гэж нэлээд итгэл, найдвар тавьж байсан. Харамсалтай нь сонгуульд оролцох боломжгүй болчихлоо шүү дээ. Энэ удаагийн сонгуульд эвсэлд ялах боломж найдвар хэр зэрэг байгаа вэ?

-Эвсэлд ялах боломж байгаа. Энэ эвсэл дан ганц Н.Энхбаяр дарга биш. Эвслийг цааш нь амжилтад хүргэхэд нөлөө бүхий хүн нь Н.Энхбаяр дарга мөн боловч шууд утгаараа өөрөө дангаараа биш. Энэ эвслийн гол үзэл санаа нь шударга ёсны үзэл, тавдугаар Үндсэн хуулийг батлах, монголчуудын өнгөрсөн 22 жилийн алдаа оноог засах, залруулах, хаясан гээсэн зүйлээ эргэж олж авах үзэл санааг хэвшүүлэх нь бидний нэгдлийн суурь зарчим.

Ийм суурь зарчим нь байхад ганц нэг хүний наашаа, цаашаа хөдөлгөөн айхтар том нөлөө үзүүлэхгүй. Н.Энхбаяр дарга сонгуульд нэр дэвшихгүй ч эвслийн дарга хэвээрээ. Байр суурь нь УИХ-д байна уу өөр хаана байна вэ гэдгээс нь үл хамаарч, үүргээ эвсэл гүйцэтгэх болно. Үүнд  эргэлзэх хэрэггүй. Ер нь сонгуулийн үйл явцаас ажихад эвслийг дэмжиж байгаа дэмжигч маш олон болжээ. Ажиглаад байхад нийгмийн савалгаат нөхцөл байдал, МАНАН-гаас залх­сан үзэл баримтлал хавтгайрах болж. Тий­мээс бид ялна гэдэгтээ итгэл дүүрэн байна. Луйвар л болохгүй бол бид энэ сонгуульд ялна.

No comments:

Post a Comment