Tuesday, June 19, 2012

Монгол эрчүүдийн төлөөх миний феминизм

Эрчүүд маань ээждээ, эхнэртээ, охиддоо үйлчилж гал тогоондоо эргэцсэн жилийн ганцхан өдөр бүх хүний анхаарлыг хандуулах миний үг монгол эр хүн, өрх гэрийн тэргүүний тухай байх болно. 
Би 38 настай, сая сар шинээр миний 37-ны жил гарч энэ луу жилд амьдралынхаа дөрөв дэх цоо шинэ мөчлөгт хөл тавьж байна. Миний амьдралын гурав дахь мөчлөг эрчүүдтэй хийсэн тэмцлийн мөчлөг байсан юм. Өнгөрсөн 12 жилийг нийгмийн шинэчлэлийн төлөө, ардчиллын гажуудлыг засахын төлөө, сөрөг ардчиллыг эерэг болгохын төлөө тэмцэж гудамжинд өнгөрөөлөө. Энэ тэмцийн нөгөө талд дан эрчүүд байсан, тэдний алдааг засахад амьдралынхаа10 гаруй жилийг зориуллаа. Эрчүүд ээ, та нар дулаан ордонд, зузаан хивсэн дээр, харин бид хүйтэн гудамжинд, хөлдүү цардмал талбайд өнгөрөөсөн 12 жилийн тухай би сануулж байна. 
1990 оны Ардчилсан хувьсгалыг гардан хэрэгжүүлэгч эрчүүдэд нэг л асуултыг өнөөдөр тавимаар байдаг юм. Өнөөгийн энэ нийгэм та бүхний зорьж, хүсэж, тэмүүлж байсан тэр нийгэм мөн үү? гэж. Зарим нь “Мөөн гээд хэлчихвэл худлаа болчих гээд байдаг...” гэж хариулж байна.
Яагаад? Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг биш үү? Ертөнцийг байлдан дагуулагч, Их эзэн Чингис хааны удам, хөх толбот, эрийн эр болсон гэж цээжээ дэлдэх дуртай Монгол эрчүүд маань зуух галлах ажлаа эмэгтэйчүүдээсээ харамлахаас, шортой хашаагаар тойруулсан ордондоо эмэгтэйчүүдийг оруулахгүй байхаас өөр юм хийх чадалгүй болсон гэж үү? 

Хууль зүйн сайд нь манай цагдаагийн мөрдөсийг нэг жижигхэн авгай хуулж төрийг доромжиллоо гэж дөрвөн жил үглэн гомдоллож байна. Шүүхээр хэргээ шийдүүлэх гэж байгаа хурандаа нар эхнэрээрээ өөрийгөө өмгөөлүүлж суух юм. Манай эрчүүд “Диплом өвөртөлснөө биеэ зассан гэж, жаахан өртэй болсноо гэрээ зассан” гэж ойлгодог болчихоо юу даа? Улс орныхоо аль өнгөтэй өөдтөйг бариад гадаадынханд бялдуучилж гүйдэг болсноо төрөө засаж байна гэх нь үү дээ? 
Та нар минь яагаад ийм болчихов оо. Та нарын зориг хүч, суу заль хаашаа одов? Улс орныхоо эрх ашгийн төлөө өөрийгөө ч зольж чадах шийдэмгий сэтгэл, зориг чинь хаана байна? Эмээсээ ялгарахаа байсан турьхан солонгос залуучуудыг дуурайж бүтсэн бүтээгүй дурлалаас өөр зүйл дуулахаа больсон залуухан хөвгүүнээс эхлээд хоорондоо тулга тойрсон эмсийн хэрүүл хийгээд суух улстөрчдийг хүртэл Монголын шинэ цагийн эрчүүдийн дүр төрхийг бид гуниглан харж сууна. Тэгээд тэр тулгандаа эмэгтэй хүн ойртвол бузартана гэж боддог болтлоо дорд орлоо гэж үү? 
Бүр ХХ зууны эхээр Оросын эрдэмтэн Майский “Монголчууд зальтай хүнээ ухаантай гэж боддог юм байна” гэж бичсэн байна. Хэрэв та нар хулжин зальхай зангүй, улс орноо улс шиг аваад явчихдаг бол, цахиж асаасан голомтоо бадрааж, цөөн хэдэн иргэнээ амар амгалан, ажил төрөлтэй аминдаа арчаатайхан шиг байлгаад, хүний гар харуулалгүй аваад явчихдаг бол бид ингэж хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд ядарсан мэхлэгдсэн олныхоо төлөө тэмцэж явахын оронд гэрээ бүлээцүүлж, үрээ бүүвэйлээд сууж байх байсан биш үү? 
Эр амгалан бол гэр амгалан, гэр амгалан бол төр амгалан гэдэг бус уу? Гэр амгалан байхад гэргий чинь бас амгалан байдаг юмаа. Эр хүн төрийн хүчээр, эм хүн эрийн хүчээр явдаггүйсэн бил үү? Эмсийн жөтөө, шунал шүгэлсэн эрчүүдтэй болохоор эмэгтэйчүүд нь өрхөө татаж, галаа цахидаг болдог юм байна. 
Бүсгүй хүн хэзээ жаргалтай байдаг вэ? Яг үнэндээ хань нь, хүү нь, аав нь, ах нь эр хүн шиг эр хүн явахад л эмэгтэй хүн жаргалтай байдаг юм шүү дээ. Хань нь архичин бол бүсгүй хүн их хурлын гишүүн болоод жаргалтай болох юм уу? Хүү нь ажилгүй, эхнэртээ гологдож байвал ээж нь сайд болоод жаргалтай байх уу? Ямар ч эмэгтэй ханийнхаа нөмөр нөөлөг, хүчирхэг эр хүний хайр энэрэлд л хамгийн жаргалтай байдаг юм. Монголын эмэгтэйчүүд өнөөдөр жаргалтай биш байна. 
Тийм ээ, би эрчүүдээ ойлгож байна. Монгол эрчүүд ертөнцийг захирсан найман зууны тэртээгээс, дорныг доргиосон долоон зууны тэртээгээс өсөнд өртөж, мэсэнд хэрчүүлж ирсэн юм. Шандугийн шар талаас хөөгдсөн Тогоонтөмөр хааны үед дөчин түмэн монголоос зургаан түмэн нь үлдсэн юм гэнэ билээ. Манжийн эсрэг тэмцсэн дайчин Ойрадууд үнсээр хийссэн юм билээ. Коммунист яргалалд Ар Монголд 80 мянган эрс, Буриадын 50 гаруй мянган эрчүүд, Өвөр Монголд хагас сая эрс өртөн сүйдсэн юм билээ. Халимгууд улсаараа Сибирьт цөлөгдөн яргалуулсан. Дөрвөн зуун жилийн өмнө 200 мянгуулаа явсан Халимгууд өнөөдөр 120 мянга болтлоо цөөрснийг бид харж байна. Эртний их төрийнхөө гал голомтыг тэмцэж ирсэн Ерөөгийн буриадуудаас насанд хүрсэн ердөө хоёрхон эр хүн үлдэж байсан тэр түүхэн баримтыг сонсоод өр өмрөх шиг болж байсан. Богд хаант төрийнхөө төлөө тэмцсэн цахарууд тусгаар тогтнолынхоо төлөө 30 жил байлдаад үр үндэсгүй хядуулсныг мэднэ. Үүнийг Монгол эрсийн гараар гаднынхан хийсэн.
Тэр цагт Оросууд Чингис хааны угсааны бүх эрчүүдийг нарийн бүртгэн хядсанаас өнөөдөр Монголд цагаан ястан, алтан ургийн нэг ч эр хүн үлдсэнгүй. Мандухай сэцэн хатан зургаан зууны өмнө хааны үрийг Хасарын үрээс хамгаалж нэг угсаа тасалчихалгүй үлдээснийг ХХ зуунд эрчүүд алдчихаж. Тэр хүнд цагт эмс хуяглаж, эрсээ хамгаалж явсан тул Ану хатан үрэгдсэн. Сүүлийн долоон зууны турш Монголын эмэгтэйчүүд бид эргүй цагт эр болж, голомтоо сахиж, мартсаныг сануулж, унтсаныг сэрээж явжээ. 
Айл бүрээс нэгийг нь лам болгож, хүзүүг эрхээр цаламдаж, хөлийг нь ээтэн гутлаар дөнгөлж, гарыг нь нударгаар зөөллөж, сумны нь хурц зэвийг болцуу болгож, бодсоных нь толгойг нь хяргаж, боссоных нь борвийг хянгардаж байсан олон зууны дараа манай эрчүүд ийм болсон байна. Үндэстэн улсаа, түүх соёлоо гэсэн эрчүүдийг маань ХХ зуунд үндэсгүй хядсанаас өнөөдөр ийм дорой эртэй, мөн тийм төртэй болчихжээ. Хоёр хөрш гүрэн өндийн босохын хирээр “Үүл нэгдвэл бороо, Монгол нэгдвэл цэрэг” гэж хэлсэн Нурхач баатарын гэрээс ёсоор Монгол эрчүүдийг хөнөөн мохоосноос ийм болсон байна. Дэлхий ертөнцийн түүхэнд Монгол эрчүүд шиг өсөлд өрлүүлж, хясалд хядуулсан эрс байхгүй. Хахир хатуу түүхийн бүхий л нугачаанд монгол эрчүүд ийн хэлмэгдсээр иржээ. 
Өнөөдөр ч хэлмэгдэл чимээгүйхэн үргэлжилсээр. Нярайн эндэгдэлд хөвгүүд илүү өртдөг, цэцэрлэг, сургуульд хөвгүүд охидоос бага хамрагдана, дээд боловсрол эзэмшигчдийн дөнгөж 30 хувь нь эрэгтэйчүүд, насанд хүрээгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн 64 хувь нь хөвгүүд, тэдний 58,7 хувь нь сургууль завсардсан,18 хүртэлх насны хөвгүүдийн 12 хувь, цэргийн үүрэгт алба хааж буй залуусын 20 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй. Эрэгтэйчүүдийн боловсрол ээжүүдийн санааг хамгийн их зовоосон асуудал болж байна. 
Өнөөдөр гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 40 хувь нь өөрөөсөө бага боловсролтой эрэгтэйчүүдтэй гэрлэж, ийм гэрлэлтийн үр дагавар нь үзэл бодлын зөрөө, үл ойлголцол, үүнээс үүдсэн салалт болон хувирч байна. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаа 35 мянган гаруй залуусын 80 хувь нь эрчүүд. Зарим үйлдвэрүүд нь дан эрэгтэй ажилчид гэж захиалга өгөөд тав зургаан мянгаар нь монгол эрчүүдийг аваачиж боолын хөдөлмөр эрхлүүлж байна. 
Мөн үүнтэй зэрэгцүүлээд харийн хүнтэй гэр бүл болж байгаа монгол эмэгтэйчүүдийн талаарх баримтыг сонирхоё. 1998 онд гадаад хүнтэй суусан 46 гэр бүл бүртгүүлж байсан бол 2007 онд 980 болж өсжээ. БНСУ-ын Цагаачлалын албанаас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд өгсөн мэдээллээр 2500 монгол бүсгүй тус улсын бэр болсны 193 нь Монгол Улсын иргэншлээс татгалзаж, БНСУ-ын иргэний үнэмлэх авсан байна. Гадаадын иргэдтэй зуучлуулан гэрлэж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь 18-25, 20 хувь нь 30-35 насныхан. Харин монгол охидтой гэр бүл болж буй гадаадын иргэдийн дундаж нас 35-60. Эрчүүд нь боловсролгүй, хүүхнүүд нь харьд. Энэ бол Монголын залуу үеийн томоохон хэсгийн дүр зураг. 
Дараагийн баримт. Монгол эр хүний дундаж наслалт монгол хүний дундаж наслалтаас 6,5 хувиар бага байна. Жил тутмын нас баралтын 50аас илүү хувь нь эрчүүд байна. Зурх судасны өвчин, хавдар, осол гэмтлээр дийлэнх нь эрчүүд нас барж байгаагаас гадна мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90 гаруй хувь нь эрчүүд байна. Хөдөлмөрийн чадвараа алдагсдын 75% нь эрэгтэй. Гэтэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн 40 хувь нь л эрчүүд байна. Бэлгийн замын өвчин, тэр дундаа ДОХ-оор өвчлөгсдийн дийлэнх олонх нь эрчүүд. Харин Монголд "эрэгтэйчүүдийн" эмнэлэг хэд байдгийг би мэдэхгүй юм. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн тоог ч мөн л мэдэхгүй. 
Мөн эрэгтэйчүүд осол гэмтлийн улмаас нас барах нь эмэгтэйчүүдээс 3 дахин, 10000 хүнд ногдох амиа хорлосон тохиолдлын тоо 7 дахин, бусдад хорлогдсон тохиолдлын тоо 5 дахин, зам тээврийн ослын тохиолдлын тоо 4 дахин олон байна. Монгол оронд гэр бүлийн үргүйдлийн шалтгааны 44% нь нөхрөөс буюу эрчүүдээс шалтгаалж байна. 
Гэмт хэрэг үйлдэгсдийн дийлэнх хувийг мөн л эрчүүд эзэлж байна. Архинд мансуурч донтсон, орон гэргүй болсон гудамжны хүн-хогуудын мөн л дийлэнх нь эрчүүд. Өнөөдөр миний хажуугаар шуудайтай хуванцар сав үүрээд өнгөрч байгаа тэр эр хүн нэгэн цагт ээжийгээ хязгааргүй ихээр баярлуулан энэ хорвоод ирсэн хөх толботой монгол эр хүн байж таараа. 
Энэ бол эмэгтэйчүүд, ээжүүд, эгч бидний санааг хамгийн ихээр зовоож байгаа асуудал. Эрчүүд хаанчилсан 20 жилийн улстөр үүнийг шийдэж чадсангүй. Одоо удаан ингэж явж болохгүй, хэрэв эрчүүд та нар өнөөдөр сэрэхгүй бол энэ улс үндэстэн мөхөхөд хүрнэ. 
Хөхөө шувуу шиг үрээ орхиод, гал голомтоо бусдын үүр мэт хаяад явснаас өнөөдөр нэгэн түмэн эмэгтэй өрх толгойлж яваа. Айл гэрээ авч явж чадахгүй цөхөрч байгаа эрс улс орноо яаж өөд нь татах юм бэ? Олон арван охид бүсгүйчүүлийг харьд бараа мэт худалдаж, биеийг нь үнэлүүлж ашиг олж байхад мөнгөтэй чадалтай нь хоёр эхнэртэй болно гэж шүлэнгэтэхээс өөрөөр ухаантай, чадалтайгаа харуулах юмгүй байж болохгүй шүү дээ, эрчүүд ээ.
Монгол эрчүүд гэхээр архинд толгойгоо мэдүүлсэн, ажилгүй, анхиагүй, сул дорой, үзэн ядаж дорд үздэг цагаач хятадуудаас долоон дор байж болохгүй юм. Тиймээс эрчүүдээ уриалж байна. Үүлэн чөлөөний нар шиг эрх чөлөөний хорин жилийн энэ ахархан боломж алга болохоос өмнө сэргэн босохыг уриалж байна. 
МҮАН-ын санаачилсан “Өрхийн тэргүүнд ажлын байр эсвэл орлого” хөтөлбөр бол чухам л өрхийн тэргүүнээ, эрчүүдээ, монгол эр хүнээ өөд нь татах хөтөлбөр юм. Энэ бол МАХН МҮАН-ын улстөрийн холбоонд суурилсан шинэ улстөрийн хүчний гол хөтөлбөр, гол амлалт, шинэ улстөрийн хүчний эмэгтэйчүүдийн чин хүсэл, зорилго юм. 
Манай тусгаар тогтнолын баталгаа нь гуравдагч хөрш гэж тунхаглаад, хамаг хариуцлагаас зугатаж, өнгөтэй өөдтэйгээ цөлмүүлсэн бэртэгчин аймхай бодлоо орхиоч гэж эрчүүддээ уриалж байна. Та нарын энэ байдал үнэн чанартаа ногоон мөнгөөр хөх тэнгэрээ арилжиж байна. Монголын тусгаар тогтнолын баталгаа нь Монгол эрчүүд та нар өөрсдөө шүү дээ. 
Гэтэл эрчүүд та нар бусад гүрний эрчүүдтэй өрсөлдөхийн оронд утаатай бор гэртээ эмс охидтойгоо өрсөлдөнө гээд сууцгааж байж болох уу? “Эмэгтэйчүүд ээ, чаддаг юм бол бидэнтэй өрсөлдөөд ялаач” гэх хүйтэн үгийн чинь хариу болгож үүнийг хэлж байна. Хүүхнүүд бид ядаж эрчүүд та нартай өрсөлддөг бол яая гэхэв ээ, харин бид та нартай биш ногоон мөнгөтэй чинь өрсөлдөх болоод байна. Энэ мөнгийг эрчүүд та нар улсаа зарж, эмс хүүхнүүдээ зарж, баялгаа зарж, нэр нүүрээ зарж олоогүй бол бид зайгаа тавьж өгөхөд бэлэн байна. Гэвч өнөөдөр харийнхан хахуульд автсан эрчүүдээр ХОГ-оор /хөрөнгө оруулалтын гэрээгээр/ халхавчлаад монголчуудаас газар нутгийг нь булааж байна. Энэ чинь ариун явдал уу? Охид хүүхнүүд ариун бол үндэстэн улс ариун гэлцдэг. Газар шорооныхоо төлөө ариун дайнд монгол хүүхнүүд үсээ шууж ханцуйгаа шамлаад тэмцсээр байна. Харин төрийн ордноос эхлээд хаа сайгүй урт үстэй эрчүүд олшроо юу даа. Биднээс булааж аваад дураараа ухаж байгаа нүх бүр энэ үндэстний булш болчих вий гэж эмэгтэйчүүд бид сэтгэлээ чилээн тэмцэж байна.
Тэртээ VI зуунд Түрэгийн мэргэн түшмэл Тоньюкук “Харь хүүхний сайханд, харь торгоны өнгөнд, харь дарсны амтанд бүү автагтун!” гэж гэрээслэж үлдээжээ. Утаатай хотоосоо холгүйхэн гараад малгайнхаа үсийг сэргээнгээ энэ үгийг уншчихаж болно. 
Би уриалж байна. Эрчүүд минь, та нар эмэгтэйчүүдтэйгээ мөнгөөр биш шударгаар өрсөлдөөд ялаач гэж. Тэгээд улс орноо өөд татаж, эртний сүнс сүлд, шүтээн бурхан, Халхын заяанд найдалгүй өөрсдийн чадал хүч, ур ухаан, тэсвэр тэвчээр, хөдөлмөр бүтээлээр энэ улсаа хөгжүүлэн мандуулж, бүрхэн буй зузаан үүл мананг үлдэн хөөж, тоонот гэртээ нар тусгаж, тогоот тулгаа бадраан манаасай. 
Тиймээ, хүүхнүүд бид эрчүүдтэй тэгш эрхтэй байсаан гэж хэлье. 1921 оны ардын хувьсгалаар /ямар?/ хүмүүжлийн замыг олцгоосон хөөрхий бидний бүсгүйчүүд тэр үеэс л салбар бүхэнд эрчүүдтэй эн тэнцүү байр суурь эзэлж байжээ. Бүсгүй хүн дан ганц тогооны хүн байхаа байж эрчүүдтэй зэрэгцэн үйлдвэрт ажиллаж, трактор комбайн, машин жолоодож, сургуульд сурч, эрдэм номын мөр хөөж, мэргэжил эзэмшин нийтийн боловсрол эрүүл мэнд зэрэг бүх салбарт өөрийн байр сууриа олоод авч. Морь уралдуулж, сур харваж, бөх барилдан олимпод оролцож ер юу эсийг эрчүүдтэй зэрэгцэн хийв дээ. Чингэхдээ гагцхүү улстөрийн салбарыг л дангаар нь эрчүүдэд ээлж халаагүй эзлүүлжээ. Үр дүн нь өнөөдрийн Монгол. 
Одоо бол бидний цаг, хүүхнүүдийн цаг. Өнөөдөр цаг үе, нөхцөл байдал хүүхнүүдийн улстөрийг шаардаж байна. Өлсөж цангасан, орон гэргүй хүүхдүүд, цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд сурч чадахгүй байгаа багачууд ээжүүдээсээ уйлан гуйж байна. Архинд живсэн монгол эрчүүд хүүхнүүдээ аврал эрсэн цөхрөлийн харцаар харан гуйж байна. Онгойж харласан газар шороо минь монгол бүсгүйчүүдээ дуудаж байна. Монголын нийгэм тэр аяараа бүсгүй хүний энэрэл хайр, зөөлөн гарыг үгүйлэн цурхиран уйлж байна. Эр нөхрөө архинд, зүй бусын үхэлд алдсан үй олон бэлэвсэн монгол эмэгтэйчүүд чангаас чанга уухайлан биднээс шаардаж байна. Энэ улс оронд, төр засагт өр зөөлөн эмэгтэй хүн байна уу гэж үгүйлэн хайж байна. Саарал ордны хаалгыг дэлгэн орцгоох цаг хэдийн болжээ, хүүхнүүд ээ. 
Бид эрх мэдлийн төлөө биш монгол эр хүний төлөө, монгол айл өрхийн төлөө тийшээ орох гэсийм. Монгол эр хүнийг сэрээж байж монгол өрхийг өөд нь татна. Өрхийн тэргүүнээ тэргүүн шиг тэргүүн байлгаж тэднийг ажилтай, орлоготой болгоё. Өрх гэрээ хүний дайтай авч явж чадах ажил, орлоготой эр хүн л архийг таягдан хаяж чадна. Ийм эр хүний сэтгэл нь сэргэж итгэл нь эргэж орон гэрийнхээ хойморт, зохих хаан суудлаа эзлэх болно. Эрчүүд маань хоймроо заларч хаан суудлаа эзэлсэн тэр л цагт монгол бүсгүй хүн бүрийн хацар аз жаргалаар туяаран гэрэлтэх болно. Магадгүй тэр цагт бүгдээрээ саарал ордноос гарч гэр гэртээ харихад татгалзах зүйлгүй. 
Яг үүний төлөө, монгол эрчүүдээ хаан суудалд нь залахын тулд Монголын хүүхнүүдэд эрх мэдэл хэрэгтэй байгаа юм. Энэ бол Монгол эрчүүдийн төлөөх миний феминизм.

No comments:

Post a Comment