Tuesday, June 19, 2012

МУУСАЙН ОЛИГАРХУУД

Манайд олигархи гэдэг үг бараг хараал болж. Тэр нь ч зөв. Өөр хэнийг хараах юм ?! Уг нь цөөнхийн засаглал гэсэн гэсэн үг бөгөөд эртний Грекийн Платон, Аристотель нар анх хэрэглэсэн. Аристотель нь “Улс төр” хэмээх алдарт ном бичсэн юм. Үүнийг Б.Даш-Ёндон багш монгол хэлнээ гайхамшигтай сайхан орчуулсан боловч уншсан хүн хуруу дарам. Олигархи гэж чухам хэн хэн гэвэл “мэдэх хүн” Монголд байхгүй. Энэ талаар өгүүлсү…
Зөвхөн Монголд “болсон” яриа
Монголд аль хөгийн юм болохыг тэр гэхэв. Гэхдээ сүүлийн үед олон улс төрч, улс төр сонирхогч хөгшин, залуу олон хүнтэй хийсэн бүх яриаг “нийлүүлбэл” нэг иймэрхүү агуулгатай болно.
- Ардчилал, зах зээлээс олигархи гардаг юм
- Хуцваа, муу коммунист
- Тэгвэл олигархууддаа дарлуулж л байхгүй юу
- Үгүй, муусайн олигархуудад дарлуулахгүй
- Тэгээд чи яах гээд байгаам ?
- Энэ улс орон, нам, төр сөнөж байна, бид ядуурч байна.
- Тийм. Тэгээд хэн ингээд байгаам ?
- Олигархууд л байхгүй юу. Одоо муусайн олигархуудыг сонгохгүй, үзэж тарна
- Ёстой харагдаач !!!
- Тэгвэл яахыг хэлээд өгөөч !
- Чи дөнгөж сая намайг коммунист гэж хараасан биз дээ
- Уг нь сайхан “удирдаад” өгөх хүн (нам, төр) хэрэгтэй байна л даа
- Эхлээд “хэлээд” өгөх хүн хэрэгтэй л дээ
- Хэн хэлж өгөх юм ?
- Та нарын “номын цагаан солиотой”, “хоосон онол”, “шизотой” гэдэг хүмүүс
- Тэр чинь Та л байна ш дээ…
- Одоо тэгж л таарч байна. Гэхдээ би ганцаараа барахгүй л дээ.
- Танаас өөр “шизотой” хүн олон бий юу ?
- Эрх биш улс үндэстэн юм хойно байлгүй яадаг юм. Хөгшин ч байна, залуу ч байна.
- Тэднүүсээ олоод өгөөрэй. “Шизо” нь аль болох “их” байвал бүүүүр сайн шүү…
Би “олон юм” мэддэг боловч энийг л ёстой “ойлгохгүй” байгаа юм. Гэхдээ ихээхэн “дэвшил” гэж бодоод баярлаад байгаа юм…
Олигархи

Олигархи бол харьцангуй цөөн иргэдийн гарт (жишээлбэл, томоохон монопольжсон цөөн тооны иргэдийн бүлгийн төлөөлөгчид) эрх мэдэл төвлөрүүлж, нийт иргэдийн биш, тэдний хувийн буюу бүлгийн ашиг сонирхолд үйлчилдэг улс төрийн дэглэм юм.
Аристотель “баячуудын засаг” гэсэн утгаар язгууртны (аристократ) эсрэг байдлаар ойлгож ирсэн байдаг. 1911 онд нэрт социологич Роберт Михельс “олигархийн төмөр хууль” гэгчийг томъёолсон бөгөөд ардчилал нь зарчмын хувьд том нийгэмд боломжгүй, учир нь ямар ч ардчилсан дэглэм гарцаагүй олигархийг төрүүлж байдаг гэдгийг нотолсон. Үүний жишээ нь коммунист орнуудын номеклатурын засаглал, барууны ихэнхи орнууд дахь корпоратив болон плутокократи засаглал (ялангуяа АНУ), хөгжиж буй орнуудын компрадор хөрөнгөтөн болно. Одоо болтол үүний эсрэгээр нотолсон хүн байхгүй.
АНУ өөрөө олигархигүй юм шиг дандаа гаднын олигархуудыг “тоолж”, шүүмжилж байдаг бөгөөд тэдний нэг америкийн профессор Маршалл Голдман силогархи гэсэн нэр томъёо гаргасан нь хүчний гэсэн үгнээс гаралтай юм гэсэн. Хэрэв энэ мэтээр яриад байвал олигархи төст засгийн хэлбэрийг тоолох хүн энэ дэлхийд цөөхөн. Жишээ авъя:
Анархи (засаггүй), Аристократи (язгууртны), Бюрократи (хүнд сурталтны) , Геронтократи (хөгшин), Демархи (сугалааны, тохиолдлын), Диархи (хоёр хүний), Клептократи (Хулгайчдын), Корпоратократи (корпорацийн), Критархи (шүүхийн), Критократи (шүүхчдийн), Милитократи (цэргийн), Охлократи (үймсэн олны), Теократи (шашны), Тимократи (дархлаажсан цөөнхи, олигархи), Этнократи (нэг угсаатны) гэхчлэн үй олон “юм” байх.
Ер нь бүгдээрээ “муу” тал руугаа орно, бас бүгдээрээ манайд цэцэглэн хөгжиж байгаа гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй. Тэгвэл “сайн” засаг байдаггүй юм уу гэсэн асуулт үүсэх нь мэдээж хэрэг. “Сайн” юм байлгүй яахав, жишээ нь идеократи (үзэл суртлын), Меритократи (нэр хүндтэйчүүдийн), Ноократи (оюун ухаантны), Технократи (шинжлэх ухаан техникийн) олон л байна. Харин энэ “сайн”-ууд нь манайд байхгүй нь даанч “сайхан” даа. Яагаад гэвэл муунууд нь сайныгаа, “чөтгөр нь бурхныгаа дийлдэг” үе байдаг юм. Тэр нь манайд болж байна, гэхдээ удахгүй л дээ…
Уг нь плутократия гэсэн нэлээд оносон нэр томъёо байдаг боловч “дассан сурснаараа” олигархаараа явсан нь дээр байх. Би манайхны нэр томъёогоор байлддаг, цэцэрхдэг өвчнөөс “үхтлээ айдаг” болоод л ингэж байна.
Улмаар 1953 онд Роберт Даль “полиархи ардчиллын” онол дэвшүүлсэн бөгөөд тэрээр либерал ардчиллын суурь институтын төгс бус байдлыг цохон дурдахын хамт түүний олигархаас “цэвэрлэсэн” хэлбэрийг санал болгосон юм. Энэ нь онолын ихээхэн шинэ эрэл хайгуул болсон учраас би ихэд олзуурхаж Р. Далийн “Ардчиллын тухай” номыг найз, доктор Ч.Энхбатын хамт чадан ядан орчуулж “Зориг сан”-гийн шугамаар үнэгүй тарааж билээ.
Гэтэл ардчиллын онолыг аль хэдийн гаргуун “мэддэг” болсон монголчууд өөдөөс түй гэж байгаа юм чинь. Ядаж байхад номын нэр нь сүр бараа муутай, ердөө л “ардчиллын тухай” гэхээр чинь монгол хүн “тоож” харагдана ш дээ. Одоо би боддогийм. Өөрөө мэдээд номын нэрийг “Ардчиллаар дарга болж, баяжих арга” гээд засчихсан бол арай олон монгол унших байсан байх. Тэр үед чинь ардчиллын “баярын салют” харна уу гэхээс онол монолыг нь уншиж судалж тэнэгтэх хүн байгаагүй л дээ. Ингэж байтал нөгөө ардчиллаас нь олигархи гараад ирэх нь тэр.
Тэднийг манай лидер, Үндэсний удирдагч, Гималайн уул, ардчиллын алтан хараацай энэ тэр гэж шүтэн биширч байсан болохоос хэн ч олигархи гэж байгаагүй. Тийм биз дээ. Гэтэл өөрийг нь идээд шулаад, хулхидаад ирэхээр арай гэж нэг юм ойлгов. Сайндаа ч ойлгочихсон юм биш. Олигархууд нь муудалцаад бие биенийхээ булайг дуудахдаа нэрлэсэн юм. Саяхан 2009 он болтол олигархи гэсэн үгийг өргөн хэрэглэж байгаагүй. Олигархи нэрийг олигархи л өгсөн. Хэн гэдгийг нь таах боломжийг Танд үлдээж байна.
Алин боловч олон улсад өргөн хэрэглэдэг нэр томъёо манай үгсийн сангийн хамгийн түгээмэл үг болов. Харин өөрийгөө л хэлчихсэн байж магадгүй дээ, монгол зохиогч нь.
Монгол олигархи
Олигархи олон янз. Монголын нийгмийн харилцааны онцлог, монгол менталитет, хөрөнгийн анхдагч хуримтлалын шинж чанар зэргээрээ монгол олигархи хосгүй сонин шинжтэй. Жишээлбэл:
1. “Шинэ” хөрөнгөтөн учраас нүнжиг суугаагүй. 2. “Зүгээр” хуримтлалын арга нь жинхэнэ зах зээлийн аргатай зөрчилд орсон, 3. Удирдлага, менежментийн арга барил тогтоогүй, 4. Мэдлэг, боловсролын түвшин өрөвдөлтэй, 5. Компрапор шинжтэй, 6. Улс төрийн аргыг голлон хэрэглэдэг гэх мэт.
Олигархи байвал өрсөлдөөн заавал байна, энэ өрсөлдөөн төр засаг руу заавал шилжинэ, төр засаг заавал дүрэмгүй болно, улмаар төр засаг хямралд заавал орно гэсэн аль ч улсад байдаг зүй тогтлоор “манай” үйл явдал болжээ.
Монгол олигархийн хамгийн гол шинж нь компрадор буюу гадаадын эрх ашгийг шууд илэрхийлэгч болсон явдал юм. Энэ шинжийнхээ улмаас тэдний зөрчил болж байна.
Гуравдагч ертөнцийн орнуудын жишгээс үзэхэд компрадор засаг маш тогтворгүй, 3-5 жилд цикл хямралд ордог, үндэсний эдийн засгийг сүйрэлд оруулагч гол хүчин зүйл болдог. Мөн компрадор хөрөнгөтний хувийн амьдрал голдуу эмгэнэлтэй, үр хүүхдүүд нь илүү зовлон амсдгийг одоо дураараа дургиад байгаа манай маанагууд мэдмээр л санагдсан шүү.
Иймээс манай олигархууд тоглолтын ил тод, шударга дүрмээр өрсөлдөж, төр бол бизнесийн өрсөлдөөний талбар биш, монгол үндэстний хамтын амьдралыг хангах дээд хүчин гэдгийг ойлгох цаг болсон гэж бодож байна.
Шууд за гээд ойлгохгүйг чинь мэдэж л байна, тэгвэл зэрлэг өрсөлдөөнийхөө хөлд ядарсан ард түмнээ битгий чирж алчих гээд бай л даа. Хэрэв миний өөдөөс хуц гэвэл би Та нарыг зайлуулах мянга түмэн арга ард түмэндээ заагаад өгчихөж дөнгөх л байх. Мөнгө хүчтэй ч гэсэн биет утгаар нөлөөлдөг бол мэдээлэл хэдэн үеийн дараа ч арилдаггүй, устдаггүй, энд эрчим хүчний асар ялгаа байдаг юм. Үүнийг хоцрогдсон шугаман сэтгэлгээтэй наад балмад толгой чинь ойлгохгүй тул мэдээллийн онол, хаосын удирдлага мэддэг чаддаг залуу хүмүүсээс асуугаад үзээрэй л дээ…
Одоо Баяр хариуцна
Одоо бүх асуудлыг С.Баяр хариуцна. 2008 онд тэр хариуцлагын тогтолцоо, Хийх ёстой түүхэн сонголт хийнэ гэсэн, ингээд бодлогоо шинэчлэн тодорхойлж…үр өгөөжээ өгөхүйц тогтолцоог бүрдүүлнэ гэсэн, Монгол төрийн “хар хайрцагны” бодлогоо бид хамтаараа дахин нэг сайн дэнслэнэ гэсэн. Тэгээд энэ санаа бол Монгол орны түүхэн онцгой нөхцлөөс урган гарсан гэсэн.
Яагаад ганц Баяр гэж ?! Монголын улс төрийн систем дотор институциональ шинжтэй нь систем нь МАН юм. Энэ нь МАН-ын сайн муутай огт холбоогүй, зүгээр л өөрөө бие даан ажилладаг систем юм. АН ийм биш. Нотолгоо нь АН бие даан “төр” бүрдүүлж чадахгүй. Энд би шинжлэх ухаан ярьж байна. Тэгээд энэхүү ганц институционал намын дарга, Ерөнхий сайдын үг “хоосон агаар” байх учиргүй. Гэтэл бодитой болон бодитой бус олон шалтгааны улмаас дээр дурдсан стратегийн ач холбогдол бүхий чиглэлд ахиц гарсангүй.
Би Баярыг хэтэрхий сайн мэддэгийн хувьд түүний талаар хоёрдмол сэтгэгдэлтэй байв. Нэг талаас түүний биеэ хэт тоосон, хүйтэн цэвдэг, хэт аминч, туйлбаргүй муйхар занд итгэхгүй байв. Нөгөө талаас түүний өндөр боловсрол, зоримог, олон шийдэлт сэтгэлгээнд үнэхээр итгэж байв. Эхлээд найдав, дараа нь цайруулан бодов. Төрийн бодлогод олон нийтэд тэр болгон хэлж болохгүй, заримдаа “хараалгуулж” байж хийх ажил бишгүй байдаг.
Тэгээд л дуугай байгаад байлаа. Гэтэл туйлбаргүй зан нь яваад байгаа бололтой. Энэ зан нь түүнийг бие хүний хувьд устгахад хангалттай юм.
Олон хүнд ноён Баярын боловсрол, шийдэмгий зан “ил” харагддаг бөгөөд энэ нь түүнийг халдашгүй мэт харагдуулдаг. Баяр ч гэсэн өөрийгөө “Үхэшгүй Кащей” гэж бодоод хүн айлгаад сурчихсан арга барилтай. Энэ балай занг нь би их эртний мэднэ л дээ. Шоолж байгаагаа олон хүнд хэлж байсан биш…
Хэрэв ноён Баяр 2008 онд Монголын ард түмний өмнө хэлсэн үгийнхээ төлөө юу ч хийхгүй, хийх ч албагүй, улмаар олигархуудыг хамгаалагч “улс төрийн манаач” болон хувирч байгаа бол түүнийг оюун ухаан, сэтгэлгээний хувьд няцаах нь судлаач миний үүрэг билээ.
Учир нь би түүнд хэсэг зуур итгэж харзнасан болохоос биш, түүний өмнө ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Тэр одоо хаан юм уу, заан юм уу, ёстой яршиг л байна. Эсвэл тэр “морьтой явалдаж, хүүхнээс унасаар” байгаад ийм балай болцон юм байлгүй. Тэгвэл тэр хариуцлага хүлээх чадваргүй гэдгээ эртхэн шиг хэлж байсан нь дээр байх, нэг их ухаантай царай гаргаад байх хэрэггүй. Төр улсыг удирдахын тулд эхлээд хүнийг зүгээр л хайрлаж сурах хэрэгтэй л дээ…
Тэгээд чаддаг, мэддэг юм бол ноён Баярын удирдсан нам нэртэй олигархууд Монгол Улсыг системтэй хөгжүүлэх онолын концепцоо гаргаад ирэхийг нь харъя л даа…
“Үхэшгүй Кащейн” цаана нэг их сүрхий амьтан байхгүй ш дээ…

Д.Ганхуяг

No comments:

Post a Comment